Шинэ коронавирусий дэгдэлтийн цаг үеийн байдал, урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яам болон холбогдох төрийн байугууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах газрын дарга, дэд хурандаа П.Эрдэнэбат "Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр цагдаа, дотоодын цэргийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй ажиллаж байна.

Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 23-ны 08.00 цагаас хоёрдугаар сарын 27-ны 08.00 цаг хүртэл улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хаана. 

Нийслэл хот болон 21 аймаг руу орох, гарах автозамын уулзвар, гарц, баталгаат бус замуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Цагдаагийн байгууллага нийт 51 цэгт ажиллана.

Зам хаах шийдвэр гарсантай холбогдуулан иргэд, жолооч нар батлагдаагүй зам болон замгүй хэсэг, хад асгатай газраар зорчиж өөрийн болон гэр бүлийнхэн, хамт яваа хүмүүсийнхээ амь нас эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхыг анхааруулж байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл хүндэрч болзошгүйг сэрэмжлүүлж байна" гэв. 

Мөн Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх төрийн шийдвэрийг иргэд хүндэтгэж, хайртай ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хүндэтгэж, орон нутаг, хот дотор золголт хийхгүй байх, уул хаданд гарахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас онцгойлон анхаарууллаа.