Хүдэрчулууны Хулан
02 сарын 25, 2026
Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр багш нартай ууланд алхах хэлбэрээр санал солилцох арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Тэрбээр, Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан “Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал дүгнэлт боловсруулах” ажлын хэсгийг ахалж буй. Энэ хүрээнд салбарын тулгамдсан асуудлыг бодитоор судлах, шийдэл боловсруулах зорилгоор багш нартай чөлөөт уулзалт зохион байгуулахаар болсон нь энэ аж.
Уулзалт Жаргалантын амнаас Дугуй Цагаан чиглэлд нэг талдаа 4.5 км алхах маршрутаар 07:30–14:00 цагийн хооронд үргэлжилнэ. Энэхүү үй ажиллагаанд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдлагуудыг хамруулах бөгөөд нийт 50-60 хүнийг бүртгэхээр төлөвлөжээ.
Оролцох хүсэлтэй багш нар цахимаар бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийг энэ сарын 27-ны 20:00 цагт хаах аж. Хүний тоо хязгаартай учир бүртгэл хэтэрсэн тохиолдолд дараагийн ээлжид хамруулах юм байна.
Зохион байгуулагчдын мэдээлснээр маршрут хэт огцом биш учир тогтмол алхдаггүй хүн ч оролцох боломжтой. Харин цас их байгаа учраас халтиргаа багатай гутал, дулаан хувцас бэлтгэхийг зөвлөжээ.
Энэхүү уулзалтаар боловсролын салбарын бодит нөхцөл байдал, багш нарт тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй ярилцаж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн үйл ажиллагаанд тусгахыг зорьж буй аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.