2018 онд Япон улсаар аялсан жуулчдын тоо 30 сая хүрсэн тухай тус улсын Аялал жуулчлалын агентлагаас мягмар гарагт мэдээлэв.

Өнгөрсөн онд 28.7 сая орчим жуулчин тус улсыг сонгон аялсан бөгөөд 2018 онд энэхүү үзүүлэлт 31 саяд хүрнэ хэмээн агентлагийн мэргэжилтнүүд таамаглаж байжээ.

Японы Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын сайд Кейичи Ишиигийн хэлснээр, улиран одож буй онд манай улс байгалийн гамшигт олон үзэгдэлд нэрвэгдсэн нь жуулчдын тоо буурахад ихээхэн нөлөөлсөн байна.

Энэ онд нүүрлэсэн байгалийн гамшигт үзэгдлүүдийг дурдвал, зургадугаар сард Осака мужид болсон газар хөдлөлт, долдугаар сард баруун нутгуудаар орсон хүчтэй аадар бороо, есдүгээр сард дэгдсэн Жеби хар салхи болон мөн тухайн сард Хоккайдо арал дээр болсон газар хөдлөлт зэрэг багтах юм.

Хоккайдо аралд нүүрлэсэн байгалийн гамшгийн улмаас “Кансай” олон улсын нисэх онгоцны буудал долоо хоногийн турш хаалгаа барихад хүрсэн нь дээрх үзүүлэлт буурахад мөн нөлөө үзүүлсэн байна.

“2020 онд Токио хотноо Олимпын наадмыг зохион байгуулах үеэр 40 сая гаруй жуулчин татна” хэмээн тус улсын Засгийн газар төлөвлөж байгаа юм. Уг зорилтдоо хүрэхийн тулд визний шаардлагыг зөөлрүүлэх, татваргүй хөтөлбөрүүдийг өргөжүүлэх хийгээд түр оршин суух байраар хангах үйлчилгээ нэвтрүүлэх зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua