XReading багшийн ачааллыг бууруулж, хүүхдийг англиар унших дадалд сургаж байна

Хүссэн үедээ гар утас, лаптопоо нээгээд л газар зүйн байршлаас үл хамааран дуртай номоо уншиж болох боломжийг цахим технологи бидэнд олгож байна. Та жолоо барьж байхдаа, гэрээ цэвэрлэнгээ эсвэл бүр залхуу хүрсэн үедээ номоо аудиогоор сонсох боломжтой гээд дижитал номын сангийн давуу талууд их. 

Эдгээрийн нэг бол XReading юм. Уг цахим номын санг Монгол дахь хэрэглэгчдэд хүргэх албан ёсны эрхийг авсан Лингорс боловсролын байгууллагын хамт олон хүүхэд залуусын ирээдүйг өнгөлөх “Ангиараа Англиар Уншигч” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. 

6 жилийн өмнө эхэлж байсан төсөл өдгөө 60 мянга гаруй хүнд ашиг тусаа өгчээ. 

Энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, сүүлийн 4 жил тасралтгүй ном уншиж буй Нийслэлийн Ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн багш, сурагчдыг энэхүү нийтлэлдээ онцолж байна. 

БИЧЛЭГ ҮЗЭХ:

 

XREADING БАГШИЙН АЧААЛЛЫГ БУРУУЛАХАД ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ

Анхан шатнаас ахисан түвшинд хүртэл 2000 гаруй хялбаршуулсан номоос сонгон, өөрийн түвшинд тохирсон номыг уншингаа англи хэлийг төрөлх хэл шигээ сурах нь  “Ангиараа Англиар Уншигч” хөтөлбөрийн онцлог. 

Сурагч бүрийн хэлний мэдлэг анхан, дунд, ахисан гээд харилцан адилгүй байдгаас багшид хүүхэд бүртэй тулж ажиллах цаг зав хомс байдаг. Энэ утгаараа XReading цахим номын сан багш нарын хөдөлмөр, ажлын ачааллыг бууруулж тэнцвэржүүлэхэд чухал нөлөөтэй байгаа аж. 

Нийслэлийн ЕБ-ын 32 дугаар сургуулийн Англи хэлний багш А.Жанерке цар тахлын үеэр цахим номын сангаас ном уншин, ур чадвараа тасралтгүй сайжруулжээ. Өөрт нь ихээхэн ахиц гарч байгааг мэдэрсэн тэрбээр ангийнхнаа ч мөн номд шимтүүлж чадсан байна.

Нийслэлийн ЕБ-ын 32 дугаар сургуулийн Англи хэлний багш А.Жанерке

“Манай сургуулийн сурагчдын англи хэлний мэдлэг ерөнхийдөө сайн. Мэдлэг туршлагатай багшаас бүтээлч сэтгэлгээтэй, чадварлаг хүүхэд  бэлтгэгдэж гарна шүү дээ. Тиймээс эхлээд өөрийгөө хөгжүүлэх зорилгоор XReading-ээс ном уншиж эхэлсэн. Аль ч түвшний хүнд тохирсон олон төрлийн ном байдаг учраас ангийнхнаа ч гэсэн хамруулах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Ингээд тууштай, тасралтгүй уншсан хүүхдүүдэд эхнээсээ ахиц гарсан. Хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд ном унших дадалд суралцаж, номд дуртай болж байна” хэмээн А.Жанерке багш ярьж байлаа. 

А.Жанерке багшийн өнгөрсөн жил 12 дугаар ангиа төгссөн шавь нарын ихэнх нь олон улсын англи хэлний TOEFL, IELTS-ын шалгалтын оноотой сургуулиа төгсжээ. Өдгөө 20 орчим хүүхэд гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй сурч байгаа аж. 

Тус сургуулийн сурагчид жил бүр Англи хэлний улсын олимпиадад амжилттай оролцдог байна. Энэ талаар ЕБ-ын 32 дугаар сургуулийн Ахлах ангийн сургалтын менежер С.Наранзул, “Манай сургуулиас англи хэлний улсын олимпиадад оролцож алт, мөнгө, хүрэл медаль авсан сурагчдын ихэнх нь цахим номын санд уншлага хийдэг хүүхдүүд байдаг” хэмээсэн юм.

Зураг
Тайлбар

Нийслэлийн ЕБ-ын 32 дугаар сургуулийн 6в ангийнхан








ХҮҮХДҮҮД УТСАА ОРОЛДОХ НЬ БАГАСАЖ, ЦАГАА ҮР АШИГТАЙ
ЗАРЦУУЛАХАД СУРАЛЦАЖ БАЙНА 

Ном уншиж эхэлснээс хойш ээжид “утсаа оролдохоо боль” гэж загнуулахаа больсон хэмээн ярих энэ хүүг Э.Мөнх-Эрдэнэ гэдэг. Тэрбээр Нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн 10в ангийн сурагч. Түүний хувьд “Ангиараа Англиар Уншигч” хөтөлбөрт гурав дахь жилдээ хамрагдаж буй юм. 

Багаасаа номд дуртай байсан болоод ч тэр үү  Э.Мөнх-Эрдэнэд найзуудтайгаа хамт ном унших ихэд таалагдаж байгаа аж. Тэрбээр хэчнээн завгүй байсан ч өдөрт багадаа 10 хуудас уншихыг хичээдэг байна. Ингэснээр утас оролдож, хэрэггүй зүйлд цагаа үрэх нь багасаж байгааг хэлж байлаа. 

Түүнчлэн аудио ном сонсонгоо номоо унших нь үгээ зөв дуудаж, дуудлагаа богинохон хугацаанд сайжруулахад ихээхэн тусалдаг ажээ.

Тус сургуулийн Англи хэлний багш Х.Гулгайм, "Англи хэл бидний төрөлх хэл биш учраас зарим хүүхэд дуудлагаасаа ичиж, ангийнхантайгаа ярихаас санаа зовдог. Сайн ярьдаг хүүхдүүд л ярьж байг гээд өөрийгөө хойш тавих хандлагатай байдаг. Тэгэхээр аудио номтой байснаар үгээ зөв дуудаж сурах давуу талтай. Дуудлагаа сайжруулчихвал хүүхэд өөртөө итгэлтэй, ангийнхантайгаа англиар ярих дуртай болдог" гэсэн юм.

10в ангийн чадварлаг сурагчид Лингорс боловсролын байгууллагаас зохион байгуулдаг уншлагын марафоны багийн төрөлд түрүүлж 2022 оны "Шилдэг уншигч анги"-иар тодорч байжээ. 

Багийн марафонд оролцсоноор хүүхэд аливаад тууштай, хариуцлагатай байж, багаар хамтран ажиллах чадварт суралцдаг байна.

“НОМ УНШИЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ ТҮҮХИЙН ХИЧЭЭЛДЭЭ ИЛҮҮ ДУРТАЙ БОЛСОН”

“Hello! My name is Iveelt-Ujin. I’m 11 years old” хэмээн англиар эвлэгхэн өөрийгөө танилцуулах энэ хөөрхөн охин тус сургуулийн 6в ангид сурдаг.

Ивээлт-Үжин өмнө нь өөрийгөө ингэтлээ номд шимтэнэ гэж төсөөлдөггүй байжээ. Дунд ангид ороод “Ангиараа Англиар Уншигч” хөтөлбөрт хамрагдаж эхэлснээс хойш, одоо 7 хоногт нэг ном уншиж дуусгадаг болсон байна. Түүнээс ямар номд дуртайг нь асуухад хүмүүсийн намтар, улс орны үүсэл түүхтэй холбоотой ном хэмээсэн юм. “Би ном уншиж эхэлснээс хойш түүхийн хичээлдээ илүү сонирхолтой болсон” хэмээн тэрбээр нүүр дүүрэн инээмсэглэн хэлж байв.

Зураг
Тайлбар

Нийслэлийн ЕБ-ын 32 дугаар сургуулийн 10в ангийнхан








ХҮҮХДҮҮД ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ, ХАРИУЦЛАГАТАЙ БОЛЖ ТӨЛӨВШИЖ БАЙНА

Манай хүүхэд Youtube, netflix үзсээр байгаад англи хэл сурчихсан гэж эцэг эхчүүд ярьдаг. Гэхдээ чөлөөтэй ярьж л байвал англи хэл сурсан гэх нь өнгөцхөн ойлголт юм. Учир нь сонсох, ярих, бичих чадваруудыг академик түвшинд хүртэл хөгжүүлэхэд унших техник чухал гэдгийг Лингорс боловсролын төвийн мэргэжилтэн хэлж байв. 

Тиймээс хөтөлбөрт хамрагдаж буй сурагчдын ээж аавуудтай хүүхдэд нь гарч буй эерэг өөрчлөлтүүдийн талаар ярилцлаа. 

6в ангийн сурагч Э.Индрагийн ээж З.Ундармаа охиныхоо амжилтын талаар, “Манай охин ойр зуурхан ярьдаг байсан. Гэхдээ ном уншиж эхэлснээс англи хэлнийх нь түвшин сайжирч байгаа нь илт мэдрэгдэж байгаа. 

Чөлөөтэй англиар уншаад, агуулгаар нь орчуулж байгааг харахаар гайхалтай санагдаж байна. Өмнө нь хүүхдээ олон сургалтад хамруулж байсан ч ийм хурдан сайжирч болдог гэдгийг мэдээгүй. 

“Ангиараа англиар уншъя” хөтөлбөрт хамрагдсанаас хойш ном их уншиж, ангийнхантайгаа чөлөөтэй англиар ойлголцдог болж байгаад баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. 

Хөтөлбөрөөр дамжуулан хүүхдүүд өөрийгөө бүрэн илэрхийлж, өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж байгаад эцэг эхчүүд ярьж байлаа. 

Мөн сурагчид гэрийн даалгавартаа уншсан номынхоо үйл явдлыг зурж, гэр бүлийнхэндээ тайлбарладаг байна. Энэ нь хүүхдийг Монгол хэл дээрээ цэгцтэй ярьж, сэтгэх чадварыг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй аж. Үүнээс гадна гэрийн даалгавраа хийхдээ аав ээжтэйгээ харилцан яриа өрнүүлэх нь гэр бүлийн уур амьсгалд эерэг нөлөө үзүүлж байгааг эцэг эхчүүд онцолсон юм.  

Холбоотой сэдвүүд

англи хэл xreading цахим номын сан

Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.