“Англи хэлний зүй”, “Англи хэл өөрөө сурах бичиг”,“Англи хэлээр зөв уншиж сурахуй” зэрэг номууд англи хэл сурахыг эрмэлзсэн хэн бүхний ширээний ном болжээ.

Тус номын зохиогч, олон мянган суралцагчдад англи хэлийг амар хялбар, оновчой сурч болдгийг мэдрүүлж яваа Ж.Оюунцэцэг багштай ярилцлаа.

Тэрбээр энэ сарын буюу 5 дугаар сарын 15-наас богино хугацаанд англи хэлний мэдлэг чадвараа дээшлүүлж, IELTS, TOEFL-ийн шалгалтыг амжилттай өгөх суурь мэдлэгийг эзэмшин, англи хэлний тогтолцоог бүхэлд нь ойлгох боломжийг олгох зорилгоор Англи хэлний дүрмийн эрчимжүүлсэн сургалт явуулах гэж буй. 


-Англи хэлийг ямар дүрэм, арга барилаар заах нь оновчтой ойлгомжтой, суралцагчдад ч хялбар дөхөм байдаг вэ? Тэрхүү туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Манай залуучууд англи хэлийг маш их сонирхож, сурахын төлөө тэмүүлж байгаа нь том дэвшил, хөгжил. Тэр дундаа англи хэлийг богино хугацаанд, өндөр түвшинд эзэмших сонирхолтой хүн ч олон байна.

Америкийн заах арга нь прагматик хандлагатай тул харилцааг чухалчилж, ярианы хэлэнд түлхүү анхаардаг.

Харин Британийнх илүү академик шинж чанартай тул анхнаасаа зөв ярьж, бичиж сурахыг чухалчилдгаараа онцлогтой. 

Эндээс аль чиглэлийг баримтлах вэ гэдэг нь тухайн хүний сонголтын асуудал юм. Жишээ нь, зөвхөн ярьж сурах шаардлагатай, бичгийн ажил хийдэггүй хүний хувьд Америкийн арга барил таардаг. 

Харин бичгийн боловсролтой болох зорилготой хүмүүс, тухайлбал, гадаадад магистрантур, докторантурт суралцах гэж байгаа залуучуудын хувьд англи хэлний дүрмийг тогтолцоогоор  нь эзэмшиж, зөв ярьж, зөв бичиж сурах нь чухал байгаа юм.

Манайд байгаа ихэнх сурах бичиг Америкийн тэрхүү хандлага дээр үндэслэгдсэн байгаа. Тухайн нэг сурах бичиг нь унших, бичих, сонсох, ярих чадварыг зэрэг хөгжүүлэх зорилготой тул англи хэл гэдэг ямар тогтолцоотой, ямар онцлогтой болохыг бүхэлд нь харах, нэгдмэл ойлголттой болох боломж олгодоггүй. 

Англи хэлэнд үйл үг маш чухал үүрэгтэй. Үйл үгээр үйлийн олон янзын утга, санааг илэрхийлдэг бөгөөд тэдгээрийг үйл үгийн цаг хэмээх ойлголтонд хамааруулж үздэг. Зарим эрдэмтэн англи хэлэнд 12 цаг байдаг гэж үздэг бол зарим нь 2 цаг байдаг хэмээн үзэх нь бий. 

Гэвч нийтлэг түвшинд ярихад, англи хэлэнд 26 цаг байдаг. Энэ цагуудыг эзэмшсэнээр үйлийн янз бүрийн санааг зөв зүйтэй илэрхийлэх боломжтой болох юм. 

Дээр дурдсан сурах бичгээр хичээл зааж байгаа сургалтанд суух тохиолдолд үйл үгийн цагуудийг хооронд нь ялгаж, тэдгээрийг бүрэн эзэмших боломж олгодоггүй. Үүнийг буруу гэж хэлж байгаа хэрэг биш, харин тухайн сургалтын зорилго өөр байгаатай холбоотой юм.

- Таны сургалтын онцлог?

- Угтаа англи хэлийг цогцоор нь, бүхэлд нь ойлгож авъя гэсэн хүнд тогтолцоог нь ойлгуулах чухал байдаг. Тийм учраас миний бие энэ бүх байдлыг харгалзан үзээд ямар сургалт явуулбал үр дүнтэй вэ гэдгээ тодорхойлсны эцэст англи хэлний дүрмийг анхан шатнаас нь дээд шат хүртэл заах хоёр сарын хөтөлбөр боловсруулсан. 

Энэ нь англи хэлийг тогтолцоогоор нь ойлгох боломжийг олгох үндсэн гол дүрмүүдийг багтаасан 60 цагийн хөтөлбөр юм. 

Дахин сургалт явуулах боломжгүй учраас энэхүү сургалтаасаа урдынхаас ч илүү үр дүн хүлээж байна. Шавь нарынхаа амжилт, сэтгэгдлүүдээс сургалтын үр дүнг харж, мэдэрч байгааучраас аль болох олон хүн хамруулахыг хичээж байна даа.  

- Энэ удаагийн сургалтын давуу тал нь юу вэ?

- Англи үгсийг уншиж чаддаг хэдий ч тэдгээрийг зөв холбож өгүүлбэр бүтээх мэдлэг, чадвар эзэмшээгүй хүмүүс, эсвэл англи хэлийг монголдоо төдийгүй гадаадаар яваад 20-30 жилийн турш судалсан хэдий ч ганц өгүүлбэр алдаагүй бичиж чаддаггүй, үйл үгийн цагуудаа хооронд нь сайн ялгаж мэддэггүй хүмүүсийг яг нэг ижил гараанаас эхлүүлдэг. 

Сургалтын явцад суралцагчид маань англи хэлийг сурч болох юм байна, маш их урам зориг авлаа, маш их зүйлийг ойлгож мэдлээ гэцгээдэг. Ямар үр дүнд хүрэх нь тухайн хүний хичээл зүтгэл, ажил, амьдралын онцлог, цаг заваас их хамаарна. 

Сайн суръя гэсэн чин зорилготой хүн ирээд хичээх юм бол анхан шатнаас дээд шатны мэдлэгтэй болоод төгсдөг. 

Дунд шатны мэдлэгтэй орж ирээд зөвхөн нэг түвшин ахиж дундын дараах түвшний мэдлэгтэй болоод гарах тохиолдол ч цөөнгүй байна. Өөртөө зориулж байгаа үнэт цагаа зөв зарцуулаад, заасан бүгдийг эзэмшиж чадвал дээд шатны мэдлэгтэй болоод төгсөнө гэсэн үг.

Англи хэлний дүрмийг нэг л сургалтаар хоёрхон сарын дотор эзэмшүүлдгээрээ онцлог гэж хэлж болно. Сургалтаа эхлэхэд, мөн дуусахад шалгалт авч, оноог нь харьцуулаад ямархуу ахиц, дэвшил гаргаснаа олж харах боломжийг олгодог. Суралцагчид маань таны сургалтанд сууснаар өөрийнхөө хэмжээнд мэдлэг, чадвар олж авсны зэрэгцээ маш гоё энерги аваад, стресс тайлагдаж, хоёр сарын хугацаанд үнэхээр сайхан байлаа, таны зөөлхөн яриа, шавь нараа хайрласан, дэмжсэн чин сэтгэл, эелдэг, дулаахан харц, дуу хоолой бидэнд сайхан сэтгэгдэл төрүүлдэг, багш бүр ийм байдаг бол үнэхээр сайхан байхсан гэхийг сонсоод улам бүр хичээх сэтгэл төрдөг. 

-Хэл сурахгүй хүн гэж байх уу?  

-Ер нь өөрөө хичээвэл хэл сурж чадахгүй хүн гэж байхгүй. Хэл сургахад нь хөтөч болдог мэргэжлийг зөв сонгосон хувь заяандаа баярлаж явдаг. Удирдлагын академид багшилж байхад "Оюунцэцэг  гэж хэлэхэд нь тэсгэлгүй инээмээр санагдсан ч энэ бол миний хувьд бас л нэг том хариуцлага шүү дээ хэмээн бодож билээ. 

- “Англи хэлний зүй” номыг үнэхээр мэргэжлийн түвшинд, өндөр ур чадвар шаардаж бичигдсэн ном гэж үе үеийн хүмүүс таалан сонирхдог, илүү ойлголт ч авсан байдаг. Энэ хүртээмжтэй, хүртээлтэй номынхоо талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Би сургалтынхаа хүрээнд , сонсох чадвар хөгжүүлэх хичээл заадаггүй боловч сургалтанд суугаад IELTS, TOEFL-ийн шалгалтанд тэнцээд байна гээд ярих англи хэлнийхээ дүрмийг ойлгосон тохиолдолд бусад чадвараа хөгжүүлэхэд хялбар дөхөм юм байна гэдгийг олж хараад байгаа. Сургалтанд хамрагдах боломжгүй хүмүүс “Англи хэлний зүй” номыг судлаасай гэж бодож байна. “Англи хэл өөрөө сурах бичиг” ном маань үг уншиж сурахаас авахуулаад унших, бичих, сонсох чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн ном. 

Өөрөө сурах бичиг гэдэг утгаар дасгалын хариутай, харилцан яриа, сонсголын  дасгал нь MP3 бичлэгтэй. Бусад номоо санхүүгийн бэрхшээлийн улмаас хэвлүүлж чадахгүй олон жил болж байна. 

“Англи хэлний зүй” номоо анх 1998 онд ажлынхаа хажуугаар нэг жил зургаан сарын турш нойр, хоолоо умартан бичиж дуусгаад хэвлүүлж байж билээ. Энэ сурах бичигтээ анхан шатнаас мэргэжлийн түвшинд хүртэлх үндсэн бүх дүрмийг багтаасан. 

Номыг маань дунд сургуулийн багш нар, ахлах ангийн сурагчид, их сургуулийн багш, оюутнууд, эрдэмтэн, судлаачид, гадаад хэлний мэргэжлийн хүмүүс, түүнчлэн англи хэл сурах зорилготой аль ч ажил, мэргэжлийн хүмүүс судална хэмээн бодож тохиромжтой тайлбар, үг, өгүүлбэрүүдийг багтаахыг зорьсон. 

Дүрэм болгоныг англи, монгол хэлээр жишээ авч тайлбарлавал илүү ойлгомжтой болохыг ч давхар бодолцсон. Жишээгээ ихэнхийг нь өөрөө зохиодог, бусад ном бүтээлээс авсан жишээ тун цөөхөн. Хүнд үг, хэллэг оруулбал дүрмээ ойлгоход төвөгтэй байх тул аль болох хүмүүст ойлгомжтой байдлаар энгийн үг хэллэгтэй өгүүлбэр бодож олохыг хичээдэг байв. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эрдмийн зөвлөлөөс намайг энэ номоороо докторын зэрэг хамгаалахыг санал болгоход нь би "Энэ номынхоо үр шимийг хүртсээр яваа тул диссертаци бичиж эрдмийн зэрэг хамгаалъя”гэж хэлээд өдөр, шөнөгүй суусаар гурван сарын хугацаанд диссертациа бичээд хамгаалж билээ. Ийнхүү сургуулийнхаа эрдмийн зөвлөлийн хувьд анхны доктор болж байсан түүхтэй. Номоо жил бүр алгасалгүй хэвлүүлдэг ч санхүүгийн боломжоос хамаарч хэсэг хугацаанд тасардаг тал бий. Энэ хугацаанд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хүмүүстээ ихэд талархаж явдаг. 

Миний анхны ном бол “Англи хэлээр зөв уншиж сурахуй” гэсэн нэртэй хэвлэгдсэн авиазүйн чиглэлийн нимгэхэн ном байсан. ”TOEFL-д бэлтгэх сурах бичиг”, “Бичгээр харилцах нь”, “Цангасан монгол морь” хэмээх орчуулгын ном зэргээ хэвлүүлэлгүй удаж байгаа ч заримыг нь дахин хэвлүүлж олны хүртээл болгох бодолтой байгаа. “Англи хэлний зүй” номын маань 25 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд англи хэл сурахыг хүсэж, эрмэлзэж байгаа олон түмэндээ зохиогчийн гарын үсэгтэй номын хямдралтай худалдаа зохион байгуулж бэлэг барихаар төлөвлөж байгаа. 

Би нэг хэсэг хугацаанд гадаад хэлний салбарт хэл шинжлэлийн чиглэлээр доктор хамгаалуулах зөвлөлд ажиллаж байсан. Дараа нь зэрэгцүүлсэн хэл шинжлэлээр докторын зэрэг хамгаалах гэж буй хүмүүсийн диссертацийг уншиж, шүүмж, санал өгөх, гадаад хэл сурах арга, барилын талаар зөвлөгөө өгөх, их, дээд сургуулийн багш нар, бизнесийн менежер, удирдах ажилтнууд, төрийн албан хаагчдаас англи хэлний түвшин тогтоох шалгалт авах гэх мэтчилэн олон чиглэлээр ажиллаж ирсэн. 

- Гадаад хэлний их, дээд сургуулийн англи хэлний багш нараас шалгалт авч байв уу?

- Тийм. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн англи хэлний багш нараас шалгалт авч байсан. Мөн хэлний мэргэжлийн бус тэнхимийн багш нараас нь англи хэлний түвшин тогтоох шалгалт авсан. Хөдөө аж ахуйн их сургуулийн англи хэлний багш нараас гээд тоочоод байвал олныг нэрлэхээр байна. Ер нь шалгалтын материал бэлтгэх, шалгалт авах, материалаа засах, дүн гаргаж өгөх гээд цаг хугацаа шаардсан энэ ажил миний ажлын нэгээхэн хэсгийг эзэлдэг юм.  

-Гадаад хэл сурахаар төлөвлөж байгаа суралцагчдадаа хандаж юу хэлэх вэ?

-Англи хэлийг эзэмшихийн тулд эх болсон монгол хэлээ сайн эзэмших хэрэгтэй. Төр засгаас монгол хэлийг сурах тал дээр нэлээд анхаарч байгаа ч илүү сайн анхаараасай гэж боддог. 

Эх хэлээ сайн эзэмшсэн нөхцөлд англи хэлийг сайн сурах боломж илүүтэй байдаг. Монгол хүн болж төрснийх, хүн бүр эх оронч байж, эх хэл, монгол ёс заншил, өв уламжлалаа дээдэлж, хойч үедээ өвлүүлж, үлдээх ёстой. 

Миний хувьд англи хэлний өгүүлбэрзүйг заахдаа монгол хэлнийхээ өгүүлбэрзүйг заахад хүрдэг тал бий. /Инээв/ Мэдээж, шавь нарын маань дунд монгол хэлээ сайн эзэмшээгүй байх тохиолдол байлгүй яахав. Энэ тал дээр аль болох ойлгуулахыг хичээдэг. 

Өнөөдөр дэлхийн хүмүүс англи хэлээр ойлголцож байна. Англи хэлнээс гадна орос, герман, франц зэрэг чухал хэлнүүд бий. Гэвч англи хэл дэлхийн олон хүмүүсийг нэгтгэж байгаа. Энэ утгаар монголчууд бид англи хэлийг эзэмших нь чухал юм. Ойр зуурхан сурах нь учир дутагдалтай.  Дүрмээ маш сайн эзэмших хэрэгтэй. Тэгж чадваас зөв ярьж, зөв бичнэ. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичээд түүнийгээ орчуулах чадвартай байна гэдэг маш чухал шүү дээ. Үг, хэллэг мэдэх нь дангаараа хангалтгүй, гол нь дүрмийн дагуу зөв бичиж, зөв найруулж, орчуулах нь чухал. Тийм учраас л сургалт явуулаад байгаа юм. Эхнээсээ зөв ярьж, бичиж сурах нь цаг хугацааг хэмнэдэг учраас дүрмээ эхэлж сайтар үзээд дараа нь бусад чадваруудаа хөгжүүлэх нь давуу талтай. Өөрийнхөө туршлагаас хуваалцахад, анх дүрмээсээ л эхэлж байсан. 

Аз болоход тэр үед Америкаас ирсэн эрдэмтэнтэй хамтарч ажиллах боломж тохиож билээ. Тэр үед англи хэлээ мэдэж байгаа хэрнээ сайн ярьж чадахгүй байв. Ярьж сурахад дадлага хэрэгтэй гэдэг нь тодорхой болсон. Түүний докторын ажилд нь туслаад тэр чиглэлээр нь монгол эрдэмтэн, судлаач хүмүүстэй уулзаж, ярилцлагыг нь орчуулж, тодорхой хэмжээний монгол хэл заагаад явуулсан даа. Одоо тэр эрдэмтэн маань Калифорнийн их сургуулийн профессор болсон. 

-Сайхан аав, ээжийнхээ үнэт сургаалиар хүмүүжиж, боловсорч ухаажсан  хүүхдүүд холыг харж, сайн сайхан явдаг жамтай. Энэ талаар таныг ихийг өгүүлэх болов уу гэж харж байна?

-Миний хувьд бусдын адил улс эх орныхоо ирээдүйд сэтгэл зовниж, санаа тавьж явдаг. Дэлхий ертөнцөд хувь хүний хөгжлийн асуудал давамгайлж, үүнийг янз бүрийн өнцгөөс тайлбарлаж байгаа. Угтаа хүний хөгжил гэдгийн цаана маш олон ойлголт бий. Монгол Улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд дээгүүрт жагсаж чадахгүй байгаад дүгнэлт хийх цаг аль хэдийнэ болсон. Аав, ээжийн маань биднийг өдий зэрэгт хүргэж хүмүүжүүлсэн сургаал маш чухал. Ялангуяа аав маань биднийг зүйр цэцэн үгсээр сургаж хүмүүжүүлдэг байсан. Бидний найман хүүхдийг өөрийнхөө үг яриа, үйлдэл, ажил, амьдралаараа үлгэрлэж хүмүүжүүлсэн. Эндээс хүн гэдэг ийм байх ёстой юм байна гэсэн ухамсар, төлөвшил суусан. Аав маань ч энэ талаар маш сайн тайлбарлаж хэлж өгдөг, маш сайн зөвлөгч, чиглүүлэгч  байлаа. Жишээ нь, эх оронч үзэлтэй байж, эрдэм номондоо шамдаж өндөр мэдлэг боловсрол эзэмшээд улс эх орныхоо төлөө юу хийж чадах вэ, түүнийгээ хийх,Монгол Улсынхаа төлөө гэсэн сэтгэлээр ажиллаж, амьдрах,аливаад зөв үнэлэлт дүгнэлт өгч, үнэнч шударга, төлөв даруу, хүнлэг, тусч, хөдөлмөрч, хариуцлагатай байх гэсэн хамгийн эрхэм чанаруудыг эзэмшиж, өөртөө бий болгож чадваас улс эх орондоо хэрэгтэй сайн хүн болж чадна гэж сургасан. Ээж маань бидэнд сайхан сэтгэлийн үлгэр дууриал болж ирсэн. Тийм учраас бид маш сайн хүмүүжсэн гэж боддог. Аав, ээжийн маань генээр дамжин бидэнд эерэг зүйл ихээхэн өвлөгдөж ирсэн тал ч байгаа байх. Өөрийн бодлоо хэлэхэд, мэдлэг боловсрол, ажил, мэргэжил чухал хэдий ч хүн хүнээрээ байх нь хамгийн чухал гэж боддог. Миний хувьд, Монгол Улсдаа гадаад хэлний боловсролыг хөгжүүлэхийн төлөө анхнаасаа хичээн зүтгэсээр өнөөдрийг хүрч, үндсэндээ хэлний ертөнцөд амьдралаа зориулж явна даа. 


Тийм ээ, Оюунцэцэг багшийн сургалтанд салбар салбарын, янз бүрийн боловсролын түвшинтэй, дунд сургуулийн сурагч, оюутнууд, дунд, их дээд сургуулийн багш нар, төрийн албан хаагчид, бизнесийн салбарынхан гээд насны хязгааргүй хүмүүс суралцдаг.Тэдгээр шавь нарын сэтгэгдэл, зарим тодхон жишээнээс дурдахыг хүссэнд тэрээр ярихдаа:

ШУТИС-ийн доктор, багш эмэгтэй дундын дараах шатны нэлээд сайн мэдлэгтэй орж ирсэн. Сургалтыг дүүргээд тэрээр “Англи хэл гэдгийг чухамдаа ойлгочихлоо, одоо таны номыг ширээн дээрээ тавиад суухад ямар ч зүйлийг орчуулах чадвартай боллоо, багш танд маш их баярлалаа” хэмээж байсан удаатай.  МУИС-ийн доктор, багш миний сургалтын дараа олон улсын уулзалт, семинар дээр ментороор ажилласандаа өндөр сэтгэгдэлтэй байгаагаа дуулгаж, талархал илэрхийлж байсан. АШУҮИС-ийн доктор, багш мөн миний сургалтыг төгсмөгц Английн их сургууулийн докторантурт шалгалт өгч тэнцээд, тэндээ олон улсын докторантуудаас англи хэлний шалгалт авахад оноогоороо нэгдүгээрт орж, хамгийн өндөр цалинтай ажилд томилогдлоо гэсэн сайхан мэдээг дуулгаж байв. Энэ мэтчилэн сургалтын үр дүнгийн талаар олон жишээ татах боломжтой болсондоо би дотроо ихэд баяртай байгаа гэлээ.  

Юутай ч түүний сургалт үр дүнтэй, түвшний хувьд өндөр хэмжээнд очиж, бодож төлөвлөж байсан ойрын болон хэтийн зорилгууд нь эхнээсээ биеллээ олж, батлагдаж байгаад нь дахин дахин талархъя. Ингэж сургалтаараа дамжуулан хаа ч гологдохгүй мэдлэгийг өгч байгаа нь Оюунцэцэг багшийн бас нэгэн тодотгол. Эндээс их сургуулийн багш нар илүү сайн сурч, анагаах, хууль, инженерийн чиглэлээр сурч байгаа хүмүүс илүү амжилт гаргадаг нь эл багшид ажиглагджээ. Хэдийгээр багш хүний хувьд ийм дүгнэлтэнд хүрсэн ч гэлээ бусад салбарынхныг үгүйсгээгүй, нийтлэг ойлголтын хувьд л энэ юм хэмээсэн. Ийнхүү өндөр боловсрол, өргөн мэдлэг, харилцааны өндөр соёлтой, ухаан бодол шигээ цэлмэг сэтгэлтэй чимээгүй, шаргуу хөдөлмөрч, эгэл даруухан Оюунцэцэг багшийн дотоод ертөнцийн нэгээхэн хэсгээр аялснаа уншигч танаа хүргэхээр зорьсон минь энэ буюу. Эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж, түүгээрээ амжилт олно гэдэг юутай сайхан.  


Сэтгүүлч Д.Нэргүй