Х.Оргил
08 сарын 23, 2019
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Англи хэлтэй залуус” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд оролцож, үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжсэн “Англи хэлтэй залуус” дэд хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Монголын оюутан, залуусын хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл” нь 2018 онд байгуулагдсанаасаа хойш орон даяар 36,000 гаруй ахлах ангийн сурагч, оюутантай уулзаж, тэдний санаа бодлыг сонссон байна.
Оюутан залуусаас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан ирүүлсэн хамгийн түгээмэл хүсэлт нь англи хэл суралцах, түвшингээ ахиулахад дэмжлэх үзүүлэх байсан юм. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Англи хэлтэй залуус” хөтөлбөрийг 2019 оны наймдугаар сарын 1-нээс 21-ний хооронд амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд монгол, гадаад нийлсэн 50 гаруй багш ажиллаж, 16-30 насны 4,530 суралцагчид англи хэлний анхан, дунд, ахисан түвшний хичээлийг үнэ төлбөргүй орсон байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“Эрдэмтэн багш, оюутан, залуус та бүхний энэ өглөөний амрыг эрэн мэндчилье.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монголын хүүхэд багачууд, оюутан залуусын хөгжлийг дэмжих, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эх оронч үндэсний үзэл бүхий хүмүүжилтэй иргэн болгож төлөвшүүлэх зорилготой “Монголын ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд олон төсөл, дэд хөтөлбөрүүдийг өнгөрсөн хугацаанд бид хэрэгжүүлээд байна.
Бид оюутан, залуусын хөгжлийн асуудалд анхаарч дэргэдээ “Монголын оюутан, залуусын хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл”-ийг 2018 онд байгуулсан билээ. Тус зөвлөлийн ажлын хүрээнд 2 жилийн хугацаанд 21 аймаг, есөн дүүргийн 10-12 дугаар ангийн 20,000 сурагч, их, дээд сургуулиудын 16,000 гаруй оюутантай Монгол Улсын Ерөнхийлөгчийн холбогдох зөвлөхүүд биечлэн уулзаж, тэдний санал бүрийг надад мэдээлж байсан юм.
Оюутан, залуусаас ирүүлсэн хүсэлтүүд дотор хамгийн түгээмэл хүсэлт бол англи хэл сурахад дэмжлэг үзүүлэх болон зуны амралтаараа ажил хийх боломжийг нэмэгдүүлэх байсан юм. Энэ бол яах аргагүй эрин цагийнхаа аясыг мэдэрсэн, хэрэгцээгээ тодорхойлсон залуусын хүсэлт байжээ. Гадаад хэл, тэр дундаа англи сурах нь интернэт хэмээх мэдээллийн далайгаас мэдлэг, санаа, мэдээлэл шүүрдэх өргөн боломжийг залуучуудад нээж өгнө. Англи хэл дэлхийн хаана ч явсан бусадтай харилцах, ойлголцох боломжийг олгодог. Тийм учраас англи хэл сурах нь залуу хүн бүрийн зорилго, хэрэгцээ байх нь зөв юм.
Оюутан залуус хичээлийн бус цагаар ажил хийх, ойр зуурын хэрэглээний зардлаа олох нөхцөл бий болгох талаарх та бүхний хүсэлтийг бодит ажил болгон хэрэгжүүлэхээр зорьж байгааг дуулгахад таатай байна.
Нэгэн жишээ нь өнөөдрийн арга хэмжээ юм. Одоогийн байдлаар “Ажилтай оюутан хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт 2,600 гаруй оюутан түр ажлын байртай болж, нийт 530 гаруй сая төгрөгийн цалин, урамшуулал авсан байна.
“Англи хэлтэй залуус” дэд хөтөлбөр 21 хоногийн хугацаанд хэрэгжиж өнөөдөр хаалтаа хийж байна. Энэ хөтөлбөр зарлагдмагц 4 хоногийн дотор 4,530 хүн бүртгүүлэн суралцаж, суралцах хугацаандаа нийгмийн сайн сайханд чиглэсэн уриалга, бодит ажлуудыг хэрэгжүүлжээ. Хөтөлбөрт оролцогч залуус Туул гол дагуу 13.8 км зайд нийт 4 тонн, 250 гаруй шуудай хогийг цэвэрлэсэн нь иргэдэд эерэг зөвийг үлгэрлэсэн үйлдэл юм. Баяр хүргэе.
“Англи хэлтэй залуус” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжиж, хамтран ажилласан их, дээд сургууль, хэвлэл мэдээллийн байгууллагууд, багш нарт гүн талархал дэвшүүлье.
Оюутан, залуус Та бүхэнд “Англи хэлтэй залуус” дэд хөтөлбөрт идэвхтэйгээр хамрагдаж, өөрсдийгөө сурах, хөгжих урмаар цэнэглэсэнд баяр хүргэж, эндээс олж авсан сэдэл урмаараа үргэлжлүүлэн англи хэлийг төгс эзэмшихийг хүсэн ерөөе!” гэв.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.