World Speech Day буюу  дэлхийн илтгэлийн өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 15-нд дэлхий нийтээр  уламжлал болгон зохион байгуулагдаг билээ. Оролцогчдод дэлхий тавцанд дуу хоолойгоо илэрхийлэх, англи хэл дээр илтгэх ур чадвараа сорих, бусдад эерэгээр нөлөөлөх боломжийг олгодог нь энэхүү наадмын гол онцлог юм. 

Тус арга хэмжээг дэлхийн илтгэх урлаг, манлайллын төв байгууллага болох Toastmasters international-ийн Монгол дахь салбар клубууд жил болгон ээлжлэн зохион байгуулдаг.

Энэ жилийн хувьд UB Toastmasters клубээс зохион байгуулж байгаа бөгөөд https://worldspeechday.com/ платформ болон linkedin, youtube, facebook зэрэг олон нийтийн сүлжээгээр шууд цацагдана. 

Өөрөөр хэлбэл таны илтгэлийг дэлхийн өнцөг булан бүрээс үзэгчид шууд дамжуулалтаар үзэх боломжтой.


World Speech Day гэж юу вэ?

World Speech Day буюу дэлхийн илтгэлийн наадам нь илтгэх урлагийн соёлыг түгээх, шинэ содон санаа, дуу хоолойгоороо дамжуулж хүрээлэн буй орчиндоо өөрчлөлтийг бий болгомжийг олгож дэлхийн иргэнийг төрүүлэх зорилготой арга хэмжээ юм. 

Энэхүү өдрийг үндэслэгч Simon Gibson нь Афин хотод зохиогддог Ардчиллын форумаас санаа авч 2015 оноос зохиож эхэлсэн бөгөөд жилээс жилд цар хүрээ нь өргөжиж өдгөө дэлхийн 100 гаруй улсад нэгэн зэрэг зохион байгуулагдах гэж байна. 

Энэ жилийн хувьд тус наадам “A New Harmony” уриан дор зохиогдож байгаа бөгөөд та доорх сэдвүүдийн хүрээнд илтгэлээ бэлдэх боломжтой.

Өөрийн амьдралын түүх: Таны  амьдралд тохиосон саад бэрхшээл, ололт ухаарал, амжилтаас ургасан эргэцүүлэл

Нийгмийн салбарт: Эх дэлхий болон байгальтай шүтэлцэн амьдрах тогтвортой хөгжлийн “шинэ зохицлыг” эрэлхийлэх

Технологийн салбарт: Хиймэл оюун ухаан, AI-ийн дэвшлийг өдөр тутмын амьдралд зохистойгоор ашиглах харилцан уялдаа, хамаарал бүхий “шинэ зохицлыг” санал болгох

Улс төрийн хэмжээнд: Улс орнууд болон улс төрийн намуудын хоорондох “шинэ зохицлыг хангах замаар бүх нийтийн сайн сайхны төлөө, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй хөгжлийн асуудлыг шийдэх арга замыг эрэлхийлэх,

Хувь хүний түвшинд: Би биш бид гэсэн өнцгөөр аливаа асуудлыг харах, хандлагыг түгээх “шинэ зохицол” гэсэн сэдвүүдийг санал болгож буй аж.

Хэрхэн оролцох вэ?

Бүртгэл 3 дугаар сарын 4-ний 23:00 цаг хүртэл явагдах ба та дараах формыг бөглөж, 4-5 минутын видео илтгэлийнхээ (vimeo эсвэл youtube-д байршуулж) холбоосыг хавсаргана уу. 

Энд дарж форм бөглөөрэй.

Тэнцсэн илтгэгчдийг 3 дугаар сарын 7-нд зарлаж, илтгэлээ танилцуулах, платформ ашиглахтай холбоотой бэлтгэл заавар, зөвлөгөөгөөр хангана.  

Дашрамд дурдахад энэ жилийн хувьд Монголоос 25 илтгэгч оролцох бөгөөд үүнээс 10 илтгэгч Монгол дахь Төастмастерс клубүүдийн төлөөлөл байх ба зохион байгуулагчдыг зүгээс ирүүлсэн видео илтгэлүүдээс үлдсэн 15 оролцогчийг шалгаруулна. 

Дэлхийн илтгэлийн өдөр нь ашгийн бус үйл ажиллагаа тул үнэ төлбөргүй зохион байгуулагддаг. 

Дэлгэрэнгүй мэдээллийн та https://worldspeechday.com/ сайт болон World Speech day Mongolia фэйсбүүк хуудсаар хүлээн аваарай. 

“World Speech Day 2022” дэлхийн илтгэлийн наадмаар дамжуулж өөрийн дуу хоолойгоо дэлхий нийтэд хүргэж, орчин орчиндоо гэрэл асаагаарай.