Өвлийн гунигт автахгүй байх 5 арга

Н.Жавхлан
10 сарын 15, 2025

Цасанд дарагдсан гудамж, сүүн мананд умбасан өдөр заримд нь нам гүмийн тайвшрал, харин заримд нь үл мэдэг гуниг, ядаргаа авчирдаг.

Сэтгэлзүйн талаас авч үзвэл, хүйтний улирал нь хүний дааврын тэнцвэр, циркадиан хэмнэл (өөрөөр хэлбэл биологийн цаг) , нийгмийн идэвх зэрэг олон хүчин зүйлд нөлөөлж, сэтгэл санаанд өөрчлөлт оруулдаг байна.

#Нойрны хэвийн байдал алдагдах

Хүйтний улиралд нарны гэрэл багассанаар мелатонин дааврын ялгаралт нэмэгдэж, бие амрах горимд илүү хурдан шилждэг байна. Үүнээс үүдэж өглөө сэрэхэд хэцүү болж, өдрийн туршид ядарсан мэдрэмж авах хандлагатай болдог аж. 

Зөвлөгөө: Өглөө сэрээд нарны гэрэлд багадаа 15-30 минут алхах нь биеийн хэмнэлийг тэнцвэржүүлж, нойрны чанарыг сайжруулдаг. Мөн орой унтахаас өмнөх цахим төхөөрөмжийн хэрэглээг багасгах нь шөнийн мелатонины ялгаралд эерэгээр нөлөөлж, гүн нойр авахад тустай. 

#Сэтгэл гутрал

Нарны гэрэл дутагдах үед серотонин дааврын хэмжээ буурч, улмаар улирлын сэтгэл гутрал /Seasonal Affective Disorder, SAD/ үүсдэг. Энэ үед хүн сэтгэл санаагаар унаж, анхаарал төвлөрөх чадвар муудаж, идэвхгүй болдог. 

Манай улсад өвлийн улирал их хүйтэн бөгөөд удаан үргэлжилдэг нь эдгээр шинж тэмдгийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болоод буй. Гэсэн ч  ийм болох нь байгалийн хууль гээд үл тоож болохгүй юм. 

Зөвлөгөө: 

Ажиллах орчноо гэрэлтэй байлгаж, нарны гэрэлд тогтмол гарах

Дасгал хөдөлгөөн тогтмол хийж серотонин, эндорфин дааврын ялгарлыг дэмжих

Хоббидоо цаг гаргах, найз нөхөдтэйгээ холбоотой байх

Хэрэв сэтгэл гутрал хүчтэй үргэлжилбэл сэтгэлзүйчид хандаж, мэргэжлийн зөвлөгөө авах 


Хүйтний улиралд дандаа муу муухай мэдрэмж төрөөд байдаггүй. Өвөл эхлэх үеэр хайрын даавар илүү нэмэгдэж, биеийн дулаан болон бусадтай ойр дотно байх мэдрэмж илүү эрэлхийлдэг нь судалгаагаар тогтоогджээ. Мөн хүйтэнд хайртай, дотны  хүнтэйгээ хамт байх нь аюулгүй, дулаан мэдрэмж төрүүлдэг аж.

Эцэст нь, дулаан сэтгэл, гэгээлэг бодол, эрүүл зуршлаар өвлийн хүйтнийг даван туулах нь хамгийн сайн эмчилгээ юм. Нам гүмээр нөмөрсөн энэ улирал өөрийгөө анхаарч, дотоод амгаланг олоход хамгийн тохиромжтой үе билээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.