Та галт тэргэнд суулаа гэж бодъё. Галт тэргэнд орох төдий нэвширсэн шээсний үнэр хамар сэтэлж, нэг суудал олоод суутал өөдөөс тань хараад сууж байгаа зорчигч шүлс, цэрээ үсчүүлэн найтаана. Дур гутахдаа зайлахыг хичээгээд босохдоо саяхан зажлаад хаясан бохин дээр гишгэчих нь тэр. Заваан төсөөлөл байгаа биз? 


Энэ тохиолдолд таны хэрхэн хариу үйлдэл үзүүлэх таны тухайд их зүйлийг хэлж өгдөг юм. Та анзаарахгүй байж болох ч таны улс төрийн үзлийн тухай ч хэлж өгдөг байна.

Энэ нь таныг анзаараагүй байхад таны улс төрийг харах өнцөгт нөлөөлж байдаг цор ганц хүчин зүйл биш юм. Ямар ч сонгууль болоход сонгогчид нэр дэвшигчдийг харьцуулж, жишиж, тэдний үзэл суртал, санаа оноог тулгаж, санал хураах өдөр эцсийн шийдээ гаргадаг. 


Тэгвэл үнэндээ ийм үйл явц болдоггүй гэвэл та итгэх үү?

Сэтгэл судлаачдын хэлж байгаагаар бидний санал яг ч биднийх байдаггүй хэмээжээ.

 

Хүний хэр амархан дур гутаж, хэр их айдастай байдгаас шалтгаалж, тэр бүү хэл цаг агаарын байдалд ямар хариу үйлдэл үзүүлж, спорт тэмцээний үр дүнтэй хэрхэн эвлэрдэг гээд хувь хүний сонголт олон хүчин зүйлээс шалтгаалж савлаж байдаг байна.


Сэтгэл судлалын шинжлэх ухаанд бидний ухамсарт шийдвэр үнэн хэрэгтээ үл ухамсарлахуй дахь бодол, сэтгэл мэдрэмж, шүүмжлэлт бодлуудын нөлөөгөөр гарч байдаг гэдгийг нотолсон. Сэтгэл судлаач Жон Кросникын хэлж байгаагаар хүний гаргаж буй бүх л шийдвэр үл ухамсарлахуйгаас хамаардаг хэмээжээ. 


Түүнчлэн нэр дэвшигчдийн эфирийн мэтгэлцээн бусад сурталчилгаа, танилцуулгаас ч илүү хүний сэтгэл зүйд нөлөөлж байдаг ажээ. Жишээлбэл, нэгэн судалгаагаар 2008 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгогчид мэтгэлцээний агуулгад бус нэр дэвшигчийн гарал үүсэлд ихээхэн анхаарал хандуулж байсан байна. 


Тухайн үед ерөнхийлөгч асан Барак Обама болон Жон МакКаин нар мэтгэлцээнд оролцож байв. Үүнийг сонгогчид өөрсдөө ч анзаараагүй хэдий ч зурагтаар, ерөнхийлөгчийн суудалд өнгөт арьстан хүн нэр дэвшиж байна гэдгийг харах нь л өөрөө хүмүүсийн сэтгэхүйд ихээхэн нөлөө үзүүлэхүйц үзэгдэл болсон. Тухайн тохиолдолд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй хүмүүс Обамаг хараад түүнд санал өгөхөө больсон явдал ч байх боломжтой боловч үүнийг хэн ч мэдэхгүй учир нь бидний үл ухамсарлахуй шийдвэр гаргасан юм.

Тэгвэл судлаачид хүний хэр амархан дур гутдаг болохыг сонгуулийн үзэл баримтлалтай нь холбохыг хичээжээ. 


Тийнхүү судалгаанд хүмүүст тодорхой өгөгдөл өгч, тухайн өгөгдлийг уншаад хэр ихээр дур нь гутаж байгааг илэрхийлж бичихийг хүсжээ. Өгөгдлийн хүрээнд жишээ дурдвал, “таны найз долоо хоногтоо нэг л удаа дотуур хувцсаа сольдог болохыг олж мэднэ” гэх мэт хүний дур гутмаар, заваан юм бэ гэж хүлээж авахуйц өгөгдлүүдээс нэгэн дүгнэлтэд хүрсэн нь дур нь амархан гутдаг хүн байх тусам улс төрийн үзэл баримтлалын хувьд илүү хэвшмэл сонголт хийх хандлагатай байдгийг олж мэджээ. 


Өөр нэгэн судалгаагаар сонгуулийн өдөр сонгогчид ямар нэг байдлаар бие тааруу, бага зэргийн зовуурьтай байвал нэр дэвшигчдээс арай илүү царайлаг нэгэнд нь санал өгөх хандлага ажиглагддаг байна.


Мөн сөрөг бодлын нөлөөг ашиглах нь маш нийтлэг үзэгдэл бөгөөд судлаачдын хэлж байгаагаар хоёр хүн нэр дэвшиж байхад хоёуланг нь дэмждэггүй бол сонгогч сонгуульд оролцохгүй байх хандлагатай, хэдий хэн нэгнийг нь арай илүү таашаадаг байсан ч сонгуульд оролцохгүй байх боломжтой. Харин хоёр нэр дэвшигчийн аль нэгэнд нь дургүй бол сонгогчдийн оролцоо илт нэмэгддэг ажээ.


Тиймээс маргаашийн сонгуульд хэрхэн оролцох, хэнийг сонгох шийд бидний үл ухамсарлахуйд аль хэдийн гарчихсан байхыг үгүйсгэхгүй юм.



Эх сурвалж: BBC