Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Тээврийн цагдаагийн алба хамтран “Утаа, хөө тортог ялгаруулж, агаар, орчныг бохирдуулж байгаа автомашин, тээврийн хэрэгслийг шугам замд шалгах хэсэгчилсэн арга хэмжээний удирдамж”-ийг баталж, хяналт шалгалтын ажлыг энэ сарын 25-наас эхлүүлжээ.

Дээрх ажлын хүрээнд Нийслэлийн төвийн 4 дүүргийн нутаг дэвсгэрт Офицеруудын ордон, 5 шар, 32-ын тойрог, БММЗ  дээр болон хяналт шалгалт хийх боломжтой зам, талбайд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Техникийн хяналтын үзлэгийн төвийн явуулын оношилгооны тоног төхөөрөмжөөр тээврийн хэрэгслийн өнгө үзэж, техникийн бүрэн бүтэн байдал, утааг шалгаж, зөрчилтэй тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажиллаж байна.

Хяналт шалгалтыг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, техникийн хяналтын үзлэгийн төвийн инженерүүд болон Замын цагдаагийн газрын алба хаагчид хийж буй.