Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэдэг Монголын багш нарын өдрийг тохиолдуулан Мэргэжлийн боловсролын салбарын багш нарын баярын нэгдсэн арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 83 МСҮТ, Политехник коллеж үйл ажиллагаа явуулж тэдгээр 4200 шахам багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж 40 шахам мянган хүүхэд залуусыг ур чадвартай үндэсний мэргэжилтэн болгох их үйлст хүчин зүтгэж байна.

Монголын багш нарын 52 дахь жилийн арга хэмжээнд МСҮТ, Политехник коллежийн багш нар, УИХ, Засгийн газрын түвшний зочид, хамтран ажиллагч байгууллагынхан, ажил олгогчид, олон улсын байгууллагын төлөөлөл 400 гаруй оролцлоо.

С.ЧИНЗОРИГ: МСҮТ-ИЙН СУРАЛЦАГЧДАД САРД 100.000 ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОНО

Баярын хурлын гол илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тавьж мэргэжлийн боловсрол сургалтын салбарын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ, багш нарын нийгмийн хамгааллыг сайжруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өгсөн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд илтгэлдээ “Монгол Улсын Засгийн газар, ХНХЯ-наас өндөр ур чадвартай үндэсний мэргэжилтэй ажилтанг бэлтгэхэд анхаарч мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон арга хэмжээ авч байгаа. 

Эдгээрийн нэг нь МСҮТ, политехник коллежид суралцагчдад 100 мянган төгрөгийн тэтгэлгийг сар бүр олгохоор төсөвт 41 тэрбум төгрөг суулгаж буй бөгөөд энэ нь зах зээлд эрэлттэй байгаа нарийн мэргэжлийн боловсон хүчний тоог нэмэгдүүлэхэд хөшүүрэг болно гэж үзэж байна” хэмээсэн юм.  

Багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тодорхой  ажлуудыг хийж буй талаар ч тодорхой мэдээлэл өглөө. 

Тухайлбал, МБСБ-ын мэргэжлийн зэрэгтэй багш нарт нэмэгдэл хөлс олгох эрх зүйн нөхцөл бүрдсэн. Цаашид мэргэжлийн зэрэг олгох журмыг мэргэжлийн зэрэгт тавих шаардлага, шалгуур үзүүлэлтийг багшлах үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнтэй шууд хамааралтай болгох, үр дүнтэй ажилласан тохиолдолд жил харгалзахгүй мэргэжлийн зэрэг олгох өөрчлөлт шалгуур, шаардлагыг шинэчилж байх юм байна. 

Өнгөрсөн онд мэргэжлийн боловсролын салбарын багш, ажилтнуудынхаа нийгмийн баталгааг дээшлүүлэхэд зорилгоор улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил олгох асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлүүлсэн. 

2019 онд урамшууллын хэмжээг 10 хувь, 2020 онд 20 хувь хүргэхээр хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгуулж шийдвэрлүүлэхээр болсон. Сургалтын тав тухтай, стандарт шаардлага хангасан орчин, хэрэглэгдэхүүн чухал учраас цаашид Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сургуулиудын материаллаг баазыг бэхжүүлэх, багш нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, багш бүрийг компьютержүүлэх зэрэг бодитой ажлуудыг хийхээр төлөвлөж буй талаар Багш нарын баярын нэгдсэн арга хэмжээний үеэр ярилаа.


Эх сурвалж: ХНХЯ