Монголын Эрэгтэйчүүдийн холбооны санаачилгаар 2005 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдрийг гэр бүлийн ноён нуруу, өмөг түшиг, хайрт аавыгаа энэрэн хайрлаж, хүндлэн бахархаж, тэдний нэр хүнд, үүрэг хариуцлага үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор “Аавуудын өдөр” болгон тэмдэглэдэг болсон түүхтэй.

Сонирхуулахад, өрх гэрийн түшиг болсон аавуудын баярыг дэлхийн 17 улс тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бөгөөд Монгол Улс энэ өдрийг тэмдэглэх 18 дахь орон нь болж байжээ. Одоогоор дэлхийн 20 гаруй улс энэ өдрийг тэмдэглэдэг байна.

Хамгийн анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгожээ. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас хойш аав нь 5 хүүхдээ ганцаараа өсгөсөн байна. 

Додд зургаадугаар сарын 5-ны өдөр болдог аавынхаа төрсөн өдрийг аавуудын баяр болгон тэмдэглэхээр төлөвлөж, нутгийн эрх баригчдад санал тавьжээ. Тэд охины хүсэлтийг хүлээн авсан ч 5-ны өдөр тэмдэглэхэд хугацаа тун бага байсан тул зургаадугаар сарын 19-ний өдөр тэмдэглэсэн байна.

Удалгүй энэ баярыг хаа сайгүй тэмдэглэх болж, 1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон зарлиг гарган албан ёсоор “Аавуудын өдөр” хэмээн нэрийдэж, тэмдэглэх болжээ. Англи, Франц, Бельги улсууд жил бүрийн тавдугаар сарын 19-нд энэ баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг аж.

Гэр бүл, үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцлагатай ханддаг үлгэр жишээ аавууддаа баярын мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.