Цэдэнбалын Цэрэндолгор
09 сарын 28, 2026
“Хэчнээн сайхан эсгүүртэй, үнэтэй материалаар хийсэн хувцас байлаа ч хэдхэн жилийн дараа хог болох загвар хөөсөн хувцас хийгээд ч яах юм билээ…” Ийм бодол түүнийг байгальд ээлтэй буюу органик материалтай үндэсний дээл урлал руу зориглон оруулсан гэдэг.
Hero King Tailor буюу даавуун дээлийн брэндийг үүсгэн байгуулагч Ш.Отгонцэцэгийг peak.mn сайт “SDG17” буландаа урьж ярилцсанаа хүргэж байна.
Бичлэг үзэх:
Хог үйлдвэрлээд байгаа юм биш биз гэсэн эргэлзээнээс энэ бүхэн эхэлсэн
Би хамгийн сайн, үнэтэй материалаар, сайн эсгүүр, технологитой хувцас хийж үзсэн. Гэхдээ сэтгэл тогтдоггүй, зарим шөнө нойр хүрдэггүй өдрүүд ч байлаа.
Хэчнээн суулт сайтай, загварлаг хувцас хийлээ ч хүн нэг, хоёр, гурван жил өмсөөд хаяна. Тэр нь байгальд шингэхгүй, шатаахад ч хорт бодис ялгаруулна. Эндээс л үүдэн өөрөөсөө “Отгонцэцэг ээ, чи хог үйлдвэрлээд байна уу, эсвэл мөнгө л хөөгөөд байна уу” гэж асуудаг байлаа.
Ингээд л үндэсний дээл урлах ажил буюу байгалийн гаралтай, органик материал руугаа эргэсэн юм. Дээлэндээ голдуу ноос, ноолууран даавуу ашигладаг. Хүний биед тухтай, эртнээсээ ч монголчуудын хэрэглэж дадсан материалууд шүү дээ.
Брэндийг маань Hero King гэдэг нь “Баатар хаан” гэсэн утгатай үг. Миний том хүүгийн нэр. Үйлдвэрлэлдээ хүүгийнхээ нэрийг өгсөн учраас тэр нэр нийлэг материал дээр бичигдэж, хаягдаад байгальд шингэхгүй, хорт бодис ялгаруулаасай гэж хүсээгүй. Тиймээс бүтээгдэхүүндээ 100 хувь байгалийн гаралтай материал хэрэглэдэг.
Бид язгуураасаа тансаг хэрэглээтэй ард түмэн. Ноос, ноолуур халуунд хэт халууцуулахгүй, хүйтэнд дааруулахгүй, эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн юм шүү дээ. Байгалийн гаралтай материалууд дундаасаа ноос, ноолуур хамгийн өндөр давтамж ялгаруулдаг нь мэдрэлийн системийг тайвшруулаад зогсохгүй энергийн түвшинд эерэгээр нөлөөлдөг гээд батлагдсан байдаг. Харин синтетик материал хүрэлцэх бүртээ хувцас биед микропластикийг шингээж байдаг. Үндсэндээ таныг алхаж, хөлөрч, амьсгалж байхад ч арьс руу нэвчдэг учраас харшил, арьсны өвчлөлийн шалтгаан болсоор иржээ. Өмсөж байга хувцас хүртэл эрүүл амьдрах нууц оршиж байдаг байх нь. Иймээс л органик материалдаа улам бүр дурлан дээлээ урладаг юм.
Дээл наадам, цагаан сараар өмсдөг хувцас биш
Олон хүн “Би дээл өмсөж чаддаггүй, тухгүй учраас хурдхан тайлдаг” гэдэг юм. Энэ бол дээлийн материал, эсгүүр, оёдол хийцтэй шууд холбоотой. Биед эвтэй таатай хувцсыг хүн хэдэн ч цаг өмсдөг шүү дээ. Дээлийг ч бас өдөр тутамдаа өмссөн ч түүртэхгүйгээр хийж болдог. Үүнийг л мэдрүүлэх гэж манай урлангийнхан ажилладаг юм шүү дээ.
Цэвэр хөвөн, олсон даавуун дотортой, ноосон эсвэл ноолууран гадартай дээлийг нэг өмсөж үзсэн дараа нь заавал ирдэг. Хайртай дотны хүмүүсээ дагуулж ирээд дээл захиалах бүрт маш их урам авдаг даа. Зарим хэрэглэгч нар маань өдөр бүр өмссөн ч уйддаггүй, биед их тухтай гэж ярьдаг юм. Нууц нь материалын чанар, эсгүүр, зохион бүтээлт, оёдлын технологид нуугдаж байдаг.
Дээл бол зөвхөн цагаан сар, хуримын хувцас биш. Өдөр тутам, хөдөө аялал, ажил амьдралдаа өмсөж ая тухтайг нь мэдрээсэй гэж хүсдэг. Хавар, намрын сэрүүнд хотод машин барьдаг бүсгүйчүүдийн хувьд урт хормой нь саад болохгүй, дулаан, зөөлөн, хөдөлгөөнд эвтэйхэн загвар хэрэгтэй. Бид хэрэглээнд нь ойртуулж, ийм шийдлүүдийг ч бас гаргадаг.
Манайхан нэг үеэ бодвол үндэсний дээл хувцсаа өмсдөг болсныг хараад бахархдаг. Гэхдээ торго голдуу өмсөж байна.
Манай брэндийн хувьд бүх дээлнийхээ дотрыг маалинган, олсон даавуугаар гадрыг нь ноос, ноолуур, хөвөн даавуугаар хийдэг.
Олсон даавуу нь хөвөн даавуунаас ус, чийгийг илүү сайн нэвтрүүлдэг, агаар нэвтрүүлэлт сайтай, бактери үрждэггүй гээд олон давуу талтай.
Дутагдалтай тал нь үрчийх нь амархан, хөвөн даавуутай харьцуулахад бага зэрэг хүнд байдаг. Гэхдээ өмсөж хэрэглэхэд таатай, тааламжтай мэдрэмж төрүүлдэг тул ядраадаггүй. Өдөржин өмсөхөд халуунд халууцахгүй, хүйтэнд даарахгүй хөлс гадагшуулдаг зохицуулах үйлчилгээтэй органик материал.
Зориулж оёсон эзнээ амилуулдаг даавуун дээл
Манайхыг зориод дээл, хувцсаа урлуулах гээд орж ирсэн хүнийг анх мэндлэхэд нь л анзаардаг. Бас ярилцаж тухайн хүн хувцсаа хаана, ямар үед өмсөх вэ, ямар хэлбэр галбиртай вэ, ямар хуваалт, хуниас, нугалаас хийвэл биеийн харьцаа нь зөв харагдах вэ, ямар өнгө зохих талаар ч ярилцдаг.
Ер нь дээл урлана гэдэг зөвхөн материал, эсгүүрийн ажил биш. Дизайн, уран бүтээл, технологи гурав нийлж байж бүтдэг.
Түүн дээр урлаж буй хүний сэтгэл санаа ч нөлөөлнө. Би сэтгэл тавгүй үедээ шинэ бүтээл эсгэж, хүний хувцас урладаггүй. Эхлээд өөрийгөө тайвшруулж, сэтгэлээ сайхан болгож дээлээ эсгэхдээ сайхан хөгжим сонсож, ерөөлөө ч шингээдэг. Тэгж байж дээл үнэ цэнтэй, тухайн хүний дуртай хувцас болж бүтдэг.
Захиалагчид маань нэг дээлээ захиалаад зогсохгүй дараа заавал эргэж ирдэг. Хүүдээ, эхнэртээ, найздаа дахин захиална аа гээд дагуулаад ороод ирэхэд л хийж байгаа ажлаараа бахархдаг. Хүмүүсийн сонголт өөр болж, 100 хувь органик материалтай, байгальд хог үлдээхгүй хувцас өмсөхийг эрхэмлэдэг цаг үе иржээ.
Хэрэглээнд нийцсэн хийц, шийдэл
Дээлийн салдаг цагаан зах хоёр үүрэгтэй. Нэгдүгээрт, хүний хөлснөөс эмжээр болон нарийн материалаа хамгаална. Хоёрдугаарт, дээлээ байнга химийн цэвэрлэгээнд өгөхгүйгээр захыг нь товчлоод салгаж, угааж болдог. Эгэм, хүзүүний нимгэн арьсанд ойр байдаг учраас маалинган зэрэг байгалийн гаралтай ширхэгтээр хийдэг.
Өдөр тутмын дээлд халаас зайлшгүй хэрэгтэй. Бид ташааны оёдолд шингэсэн халаас гаргаж, утсаа хийж явахад эвтэйхэн болгосон. Эрэгтэй дээлийн энгэрийн халаасыг ч мөн гарын чиглэл, бодит хэрэглээнд нь тааруулан шийддэг. Дээл өмссөн хүн утас, хөөрөг, даалин зэрэг хэрэгтэй зүйлээ биедээ эвтэйхэн авч явах хамгийн чухал.
Хог хаягдалгүй дээл үйлдвэрлэлийг эрхэмлэхийн учир
Бид эх дэлхий дээр нүүдлийн шувуу шиг тоотой хэдэн жил саатаад л буцдаг зочид шүү дээ. Тийм учраас буцахын хооронд ийм их хог хаягдал үлдээхгүй байхыг хичээх ёстой.
Шинэ загварын дээл хийхэд эсгүүрийн үлдэгдэл гарна. Байгалийн гаралтай материал учраас хөрсөнд шингэж, задарна. Гэхдээ үйлдвэрлэлийн зардал шингэсэн, ашиглаж болох даавуугаа хаях нь хайран санагддаг. Тиймээс үлдэгдлээ дахин ашиглаж, хаягдал багатай үйлдвэрлэл хийхийг зорьдог байна.
Манай сав баглаа боодол эсгүүрээс гарсан материалаар шийдэгддэгээрээ онцлогтой. Дээл, хувцсанд зориулсан даавуун уутыг маалинган даавууны үлдэгдлээр хийдэг. Дээлээ хөдөө гадаа авч явахдаа гялгар уут хэрэглэхийн оронд ийм уут, цүнхэнд хийж болно. Энэ нь зүгээр нэг баглаа боодол биш, үлдсэн материалаа дахин ашиглаж, эх дэлхийд хаягдал нэмэхгүй байх гэсэн оролдлого юм.
Дээлийн бүсний дотор талыг ч маалинган даавууны үлдэгдлээр зүүж хийдэг. Маалинган бүс хэрэглээний явцад алдуурахаас хамгаалагдана. Нөгөө талаараа эсгүүрийн өөдөсөө ашиглаж буй хэрэг. Сав баглаа боодол нь мөн байгальд ээлтэй олсон даавуугаар хийгддэг.
Хүмүүсийн хандлага жил ирэх тусам өөрчлөгдөж байна. Дэлхий даяар хүмүүс худалдан авах зүйл нь эрүүл мэндэд нь хэр нөлөөтэй, ямар түүхий эдээр хаана, хэрхэн үйлдвэрлэгдсэнийг нягталдаг болжээ. Энэ үед байгальд ч эрүүл ахуйд ч ээлтэй органик материалаар дээл Hero king брэндийн дээлээ урлаж байгаадаа талархдаг. 
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.21.107.8] ・ 15 цагийн өмнө Хариулах
holbogdoh dugaar hayag bn uu
Зочин [138.252.29.45] ・ 13 цагийн өмнө Хариулах
7000 9899 Heroking tailor
Санал болгох
1 Mongolia, Russia Form Joint Working Group on Western Rail Corridor Feasibility
2 Э Хишгээ: Солонгосын бизнес аялал брэндээ гаргах, гадны туршлага ноу хаугаас суралцах боломж юм
3 ОХУ-ын Төрийн Думын сонгууль: Улс төрийн шинэ дүр зураг ба Монгол туургатнуудын төлөөлөл
4 ХААН Банк худалдааны санхүүжилтийн сургалт зохион байгууллаа
5 'From Pax Mongolica to Pax Globalica': President U.Khurelsukh Reaffirms Mongolia's Role as Peaceful Bridge at 81st UN General Assembly