Дэлхий даяар коронавирусиийн цар тахал гараад жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хүн төрөлхтөн эерэг болон сөрөг олон зүйлийг сурч, ойлгож буй. Урьд нь бид коронавирусийн эерэг талуудын талаар хүргэсэн бол энэ удаад коронавирусээс үүдэлтэй  хог хаягдал болох маскны талаар хүргэж байна. 

Бидний өдөр тутмын салшгүй хэрэглээний нэг болсон маск нь дахин хэзээ ч боловсруулах боломжгүй хэрэглэл юм. Учир нь бидний 2 цаг тутамд сольж хэрэглэж байгаа нэг удаагийн цагаан, цэнхэр, ягаан, хар зэрэг өнгийн маскууд нь  нэхмэл бус даавуу, идэвхжүүлсэн нүүрстөрөгчөөс гадна их хэмжээний полипропилен (PP) агуулдаг байна. 

Жирийн хуванцарыг дахин боловсруулах үйлдвэрүүд хэдэн зуугаараа байгаа хэдий ч хэрэглэсэн маскыг хэзээ ч дахин боловсруулдаггүй. Учир нь хэрэглэсэн маск нь бактер вирус агуулж байгаа тул аюултай хог хаягдалд багтдаг байна. 

Маск нь pp хуванцарын хольцтой гэдгийг дээр дурьдсан. Тэгвэл хуванцар материал нь байгальд задарч чадалгүй 1000 жил байдаг төдийгүй, хөрс ус, агаар мандал, хүлэмжийн хий зэрэг зүйлүүдэд хүчтэй нөлөөлөж, бидний амьдралд заналхийлсээр байгаа билээ. Эдгээр асуудлаас болоод нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд жирэмслэж чадахгүй, бага насны хүүхдийн сэтгэн бодох чадвар муудах, стресст автах зэрэг олон өвчин бий болсоор байгаа.

 Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн өөрийн бүтээсэн эд зүйлээрээ, өөрсдийгөө хордуулж, өөрсдийнхөө амьдралд заналхийлсээр байгаа гэсэн үг юм. Бидний буруу амьдралын хэв маяг, хязгааргүй хэрэглээнээс болж  жилд 100 мянган амьтан үхдэг гэсэн судалгаа ч байгаа. Тиймээс сүүлийн жилүүдэд хуванцар болон бусад чамирхалаа аль болох багасгаж, илүү минимал, зеро вэйст амьдралын хэв маягт шилжихийг дэлхий нийт уриалж буй. 


Хэдийгээр бүх хүн хөл хорионд орж хог хаягдал тодорхой хэмжээгээр багассан ч маскны хэрэглээ дэндүү их байгаа нь бас л санаа зовох асуудал болжээ. Учир нь 20-24 сая хүн амтай улс 3 сарын хугацаанд 5.5 тонн маскны хог хаягдал гаргаж буй гэнэ. Эдгээр хаягдлыг дахин боловсруулах боломжгүй хэдий ч эмнэлгийн аргаар устгах боломж бий. Гэвч хүн төрөлхтөн маскыг буруу хаяж буйгаас экосистем, хөрсийг бохирдуулж, ан амьтад үхэх нь нэмэгдэх хандлагатай байна гэсэн судалгаа гарчээ. 

Маскны хаягдал экосистемд нөлөөлж байна

1. Бид хэрэглэсэн маскаа зааврын дагуу тайлж, эвхэж хаях ёстой. Гэтэл ихэнх хүмүүс тайлаад шууд дэлгээтэй чигээр нь хаана ч хамаагүй хаядаг. Энэ нь вирус тархах , эко системд  нөлөөлөх эрсдэл дагуулж байгаа аж. Учир нь масканд агуулагдах химийн бодисууд нь олон тооны хорт бодис ялгаруулж байгаль орчинд аюул учруулж байна гэж судлаачид үзэж байна. 

2 Хэрэглэсэн маск далайд олон мянгаараа хаягдаж байгаа нь санаа зовоосон асуудлын нэг болжээ. Учир нь хэрэглэсэн маскнаас ан амьтан хордох аюултай төдийгүй энэ хэвээрээ удаан үргэлжилбэл амьтад маскыг хоол хүнс гэж ойлгож, түүнийг идэх эрсдэл өндөр байна гэж үзсэн байна. 

3. Хүн төрөлхтөн гэрийн хорио сулармагц цэвэр агаар хүсэмжилж уул, хад, ой модонд гарах нь ихэссэн. Энэ үеэрээ мөн л маскаа ил задгай хаяж байгаа нь гол мөрөн, уул хадыг хогийн цэг болгож, зэрлэг ан амьтдыг үхэх аюулд ойртуулж байна гэж судлаачид үзжээ. 

Маскыг хэрхэн тайлж хаях вэ?

Бэлгэвч, маск хоёрыг харьцуулж үзье. Хоёулаа хүн төрөлхтнийг аливаа зүйлээс хамгаалах зориулалттай, өдөр тутмын хэрэглээ болсон зүйл юм. Тэгвэл хэрэглэсэн бэлгэвчийг уутанд нь хийж, хогийн саванд хаядаг. Яг түүнтэй ижил хэрэглэсэн маскаа яагаад хумиж, хогийн саванд хаяж болохгүй гэж. Энэ нь цаашлаад байгаль, орчноо хамгаалах, амьдарч буй орчноо цэвэр байлгах үндэс болж байгаа юм.