Франц улс хог хаягдлыг хязгаарлаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд жимс, хүнсний ногоог гялгар уутанд хийж худалдахыг хуулиар хоригложээ. Энэхүү хууль ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

"Бид өдөр тутмын амьдралдаа хэрэглэж буй нэг удаагийн хуванцрын хэрэглээ нэмэгдсээр байна. Хууль гарснаар хуванцрын хэрэглээ багасаж, байгаль орчинд халтай хог хаягдлыг бууруулж, бусад материалаар орлуулах боломжийг эрэлхийлнэ. Мөн хог хаягдлыг боловсруулж, дахин ашиглах зорилготой" гэж Францын Байгаль орчны яамнаас мэдээлэв.

Одоогийн байдлаар Францад зарагдаж буй бүх хүнсний ногоо, жимс жимсгэний 37 хувийг хуванцар сав, гялгар уутанд хийж худалдаалж буй.

Уг шийдвэрийг Францын жимс, хүнсний ногоо борлуулагчдын холбооны ерөнхийлөгч Франсуа Рох эсэргүүцжээ. 

Тэрбээр “Хуванцар сав, гялгар уутыг картон гэх мэт өөр материалаар орлуулах амаргүй.  Үйлчлүүлэгчид сонголт хийхдээ жимс, хүнсний ногоог гараараа барьж, хүрдэг. Дараагийн үйлчлүүлэгч бусад хүмүүсийн хүрсэн бүтээгдэхүүнийг авахыг хүсдэггүй учраас л савлаагүй, ил задгай бүтээгдэхүүн худалдаалах төвөгтэй байдаг” хэмээн тайлбар хийжээ.

Франц улс хог хаягдлыг багасгах зорилгоор 2023 оноос ресторан, түргэн хоолны газраас хаягдал хоол гаргахыг хориглохоо мэдэгдээд байгаа юм.


Эх сурвалж: Independent