Улсын Дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн дунд хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулжээ. 

Тэмцээнд нийт 20 шүүхийн баг тамирчид өрсөлдсөнөөс А.Эрдэнэт ахлагчтай Улсын Дээд шүүхийн баг тамирчид хоёр дахь удаагаа түрүүлж, алтан медаль, аваргын цом хүртсэн байна. Мөн  М.Пүрэвдорж ахлагчтай Багануур дүүргийн шүүхийн баг аман хүзүүдэж мөнгөн медаль авсан бол, Б.Амарбаясгалан ахлагчтай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг хүрэл медаль хүртжээ. 

Түүнчлэн дэд байр эзэлсэн Багануур дүүргийн шүүхийн багийн 1 дугаартай тоглогч эмэгтэй Н.Буяндэлгэрийг эрчүүдтэй эн тэнцүү өрсөлдөж, багаа аман хүзүүдэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, “Алтан медаль”-иар шагнасан юм.

Тэмцээний “Шилдэг довтлогч”-оор Багануур дүүргийн шүүхийн багийн тамирчин М.Оргил, “Шилдэг хаалгач”-аар Улсын Дээд шүүхийн багийн хаалгач Т.Өлзийтүвшин, “Шилдэг хагас хамгаалагч”-аар Увс аймгийн шүүхийн багийн тамирчин Б.Энхманлай, “Шилдэг хамгаалагч”-аар Улсын Дээд шүүхийн багийн тамирчин А.Эрдэнэт нар тодорлоо.

Энэхүү уламжлалт тэмцээнийг ирэх жил зохион байгуулах эрхийг уг тоглолтын их шөвөгт тунаж үлдсэн Дорноговь аймгийн шүүхийн баг авчээ.