Улаанбаатар хот “Хог хаягдалгүй хотуудын сүлжээ”-нд нэгдлээ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Монголын Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хархорин хот болон Завхан, Төв, Хэнтий аймаг “Олон улсын тэг хог хаягдалгүй хотуудын сүлжээ”-нд нэгдэж, гэрчилгээгээ гардан авлаа.

2022 онд байгуулагдсан тус сүлжээ нь хог хаягдлыг зөвхөн устгах бус, үүсэхээс нь бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах тогтолцоонд шилжихэд хотуудын хамтын ажиллагааг чиглүүлдэг. 2026 оны байдлаар 28 улсын 116 хот тус сүлжээнд нэгджээ.


БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр:

“Хог хаягдлыг зүгээр нэг устгах биш, хог болохоос нь өмнө багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах тогтолцоонд шилжих шаардлагатай” хэмээн онцлов.

2025 онд зөвхөн Улаанбаатар хотод 1.83 сая тонн хог хаягдал үүссэний 16.3 хувь нь хуванцар хаягдал байжээ. Нийслэлд 1000 гаруй ангилан ялгах цэг ажиллаж байгаа ч эдгээрийг нэгдсэн тогтолцоонд оруулах шаардлагатай байна.

Олон улсын туршлагаас Словенийн нийслэл Любляна 2014 онд “Zero Waste” зорилт дэвшүүлж, өнөөдөр ахуйн хог хаягдлынхаа 70 орчим хувийг ангилан цуглуулдаг болжээ.

Монголын хот, орон нутгууд тус сүлжээнд нэгдсэнээр хогийг булшлах, устгахад төвлөрсөн аргаас хог үүсэх хэмжээг бууруулж, дахин ашиглах, боловсруулах тогтолцоо руу шилжих олон улсын хамтын ажиллагаанд нэгдэж байна.

Холбоотой сэдвүүд

cop17 хог хаягдал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.