3 дугаар сарын 5-ны өдөр Оросын цэргийнхэнд олзлогдсон Никита (аюулгүй байдлын үүднээс нэрийг өөрчлөв) есөн өдрийн турш хоригдсон. Түүнийг төмөр жадаар зодож, цахилгаанд цохиулж, цаазлана хэмээн сүрдүүлжээ. Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) энэ тухай мэдээлэл цуглуулж, баталгаажуулсан байна.

Украины төв хэсэгт, 3 дугаар сарын 5-нд Оросын цэргийнхэнд олзлогдсон 32 настай, орчуулагч, засварчин Украин залуугийн тухай сэтгэл жихүүцэм түүхийг RSF байгууллага долоо хоногийн дараа илчилсэн юм. Түүнийг 9 хоногийн турш мөсөн зооринд хорьж, удаа дараа эрүүдэн шүүжээ. 

Никитаг эхлээд ганцааранг нь хорьж, удалгүй гурван хүн нэмж хорьсны нэг нь Украины төрийн албаны томоохон зүтгэлтэн байв. Никитагийн яриаг сонсоход айдас төрүүлэм: машиныг нь автоматаар шүршиж, хутга тулгаж, өндөр хүчдэлд цохиулан зовоосон, удаа дараа винтов бууны иш, жадаар нүүр нүдгүй цохиж занчсан, цаазаар авна гэж сүрдүүлсэн, 48 цаг турш хоол хүнс өгөөгүй ... 

Хуульч, менежер мэргэжлээр сургуулиа төгссөн ч Никита 2013 оноос эхлэн үе үе гадаадын ХМХ-үүдэд орчуулагч, засварчнаар ажиллаж эхэлжээ. Франц 2 (France 2) радио, Францад төвтэй BFM телевиз (BFM TV), мөн Францын олон улсын радио (RFI)-д ажилласан. 

Никитаг алга болсон тухай 3 дугаар сарын 8-ны өдөр Францын радиогоос сонссон RSF байгууллага эрж хайсаар, түүнийг суллагдсаны дараа Львов хот дахь Хэвлэлийн эрх чөлөөний төвөөр дамжуулан холбоо тогтоож, цахимаар ярилцсан... Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын ажилтнууд Никитаг эмнэлэгт үзүүлэхэд дагалдан явж, бие махбодийн гэмтэл учруулсан болохыг гэрчлэн, ялангуяа цахилгаан гүйдлийн улмаас хөхөрч няцарсан ул мөрийг баримтжуулсан. Мөн түүний гэр бүл рүүгээ ярьсан яриаг нотолгоо болгож үзүүлсэн. 

RSF-ийн зүгээс 3 дугаар сарын 4, 6-ны өдөр мэдүүлсэн хоёр гомдлын мөрөөр ОУЭХШ (Олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн) Ерөнхий прокурор хэрэг үүсгэн шалгаж байгааг үргэлжлүүлэн Никитагийн хэргийг илгээхээр төлөвлөсөн. 

Никита бидэнд сэтгүүлчдийн эсрэг оросын армийн үйлдэж буй цэргийн гэмт хэргийн цар хүрээг баталсан айдас төрөм гэрчийн мэдүүлэг өгсөн,” гэж RSF-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар мэдэгджээ.

Туулсан зовлон зүдгүүрийн улмаас сэтгэлийн хямралтай байгаа ч Никита мэдээ, мэдээлэл авах эрхээ эдлэхийн төлөө ажлаа үргэлжлүүлэхээр шийдсэн. 

Галт зэвсэг эзэмшихдээ тааруу гэж ярьсан Никитагийн хувьд эх орныхоо эрх чөлөөг хамгаалахад оруулах хувь нэмэр нь энэ байх болно. Хамт хоригдож байсан хүмүүсийн нэг нь хүнд гэмтлийн улмаас хэвтэн эмчлүүлж байна. Төрийн томоохон зүтгэлтний хувь тавилан хаашаа эргэсэн нь тодорхойгүй. RSF-ийн холбоо тогтоож чадсан өөр нэгэн хоригдол, хүнд гэмтэл авалгүй, хор хөнөөл багатай мултарч чадсан гэж хэлсэн. Яагаад түүнийг цаазлаж хороолгүй, суллаж явуулсныг лавлан асуусан RSF-ийн асуултад тэрээр: “Тэд булш ухах зоригтой гэж би бодохгүй байна” хэмээн хариулжээ. 

Дээрхтэй ижил нөхцөлд эрүүдэн шүүгдэж, Оросын цэргийнхэнд олзлогдон найм хоног хоригдоод 3 дугаар сарын 20-нд суллагдсан Украины сэтгүүлч Олег Батурин: “Тэд намайг нухчин дарахыг хүссэн, өмнөө өвдөг сөгдүүлэхийг, сэтгүүлчдэд юу тохиолдож болохыг, алж чадна гэдгээ харуулахыг л хүссэн” гэж ярьсан байна. 

Никитагийн түүх

3 дугаар сарын 5-нд, нутгийн төв хэсэгт сурвалжилга хийхээр очсон Францын радиогийн багийг Никита дагалдан явсан ба тэднээс холгүй орших тосгонд гэр бүл нь дүрвэн очсон байжээ. 

Багийн буудалласан зочид буудалд байхдаа гэрийнхэн нь байгаа тосгон хүрэх зам нээлттэй байгааг мэдсэн. Бүс нутагт бөмбөгдөлт ширүүсч байсан тул гэр бүлтэйгээ түрхэн зуур уулзах, улмаар гэр бүл нь тэнд байсаар байгаа бол нүүлгэн шилжүүлэхээр шийдсэн. Багийнхны машиныг гуйж аваад тоног төхөөрөмжийг нь салган үлдээсэн. Зорьсон газраа хүрэхийн тулд гурван тосгоныг дайрч өнгөрчээ. 

Никитагийн машин урд талдаа “Хэвлэл мэдээлэл” гэсэн бичигтэй байсан ба замын хажуугийн ойн захад отолтод сууж байсан Оросын тагнуулын ангитай таарсан. Автомат буугаар машин руу нь 30-аас 40 удаа буудсан гэж тэрээр ярьсан. Жолоо барьсан тал руугаа хэвтээд, галаас мултрах санаатай оролдсон ч мод мөргөсөн. 

Аюулгүйн дэрний хүчинд аврагдсан тэрээр энгийн иргэн гэдгээ чанга дуугаар хэлж, зэвсэгггүй болохоо харуулан, гараа өргөж машинаас гарсан. Цэргүүд -түүний тоолсноор зургаан хүн, бүгд хөлдөө цагаан тууз зангидсан байсан ба - түүнийг барьж, газарт хэвтүүлэн нэгжиж, улмаар зодсон. Тэрээр энгийн иргэн гэж хашгирсаар байсан ч цэргүүд харин түүнийг их бууны галын чигийг зохицуулагч скаутын үүрэг гүйцэтгэж яваа цэрэг гэж бодсон бололтой. 

Малгайгаар нь нүдийг нь тагласны дараа цэргүүд хэдхэн минут алхаад хүрэх зайтай байранд Никитаг аваачсан. Түүний утсыг нэгжиж, засварчны ажилтай нь холбоотой- сум нэвтэрдэггүй хантааз хайх, маршрут төлөвлөх зэрэг мэдээллийг олж илрүүлсэн нь тэднийг сэжиглэхэд хүргэсэн.

Цэргүүд түүнийг байрнаас татан гаргаж, гадна талын хана руу аваачиж зогсоон, малгайг нь сөхөж, хутганы ирээр нүдийг нь чичлэн, улмаар хацар луу нь гүйлгэж, нүүрийг нь зүснэ гэж заналхийлсэн. Өөрийгөө гадаадын сэтгүүлчдэд хэлмэрч хийдэг, засварчин гэж тайлбарлан хэлсэн ч цэргүүд автомат бууны иш, жадаар нүүр, бие рүү нь удаа дараа цохисон. 

Никита амандаа шүд нь үйрэн унахыг мэдэрч, цусаар ханиалгаж байсан. Цэргүүд түүнийг үхсэн нохой хэвтэж байсан шуудуу руу шидэж, амийг нь хороох гэж байгаа мэтээр авирласан. Нэг цэрэг буугаа шалгахыг хүссэн мэт дүр эсгэж, Никитагийн толгой руу бууджээ.

Цэргүүд арваад минут алхах зайтай, ойд байрлах хуаранд түүнийг аваачсан. Малгайгаар нь дахин нүдийг нь тагласан учраас Никита юу ч харж чадаагүй ба сонссон чимээгээр барагцаалбал, хуаранд 100 гаруй цэрэг, хуягт машин, их буу байсан. Цэргүүд түүнийг модноос хүлж, хуримын бөгжийг нь мултлан авч, гутлыг нь тайлсан. 

Тэр өдрийн үдээс хойш, цэргүүд дахин Никитаг винтовын ишээр зодож, жадаар хөлийг нь гэмтээсэн. Тэрээр хэд хэдэн удаа ухаан алдсан. Цэргүүд уйдаж, зугаагаа гаргахаар түүнийг зодож байх шиг санагдсан хэмээн тэрээр хэлсэн юм.  

Нүд нь таглаатай, хагас ухаантай хэвээр байсан Никитаг нэг модноос нөгөө руу шилжүүлэн хүлж, ахиад л өөр мод руу аваачсаар байв. Ойд бараг гурван өдөр нэг модноос нөгөө рүү гар нь ардаа хүлээтэй чигээр зөөгдсөөр байсан. 

3 дугаар сарын 6-нд түүний ойлгосноор хурандаа цолтой нэгэн байцаасан. Никитагаас эрхэлдэг ажлын нь талаар лавлан асууж байв. Тэр дахиад хоёр өдрийг ойд хүлээтэй чигээр өнгөрөөсөн. Түүнийг зодохоо больж, өөр энгийн иргэдийг хажууд нь авчирч хүлэх болсон. Тэдний нэг, Никитатай хамт суллагдсан хүн Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагынхантай уулзаж, нотолгоо баримт цуглуулахад тусалсан юм. 

Никита болон хамт хоригдож байсан нэг, өөр бас нэг хүнийг хамтад нь 3 дугаар сарын 8-нд хуягт машинаар 40-өөд минут хэртэй явах газар аваачсан. Очсоны дараа, цэргүүд түүнийг машинаас татан гаргаж, газарт хүчээр хэвтүүлэн, нэг цэрэг нуруун дээр нь сууж, ойд асууж байсан асуултаа давтан асуусан. Түүнийг засварчин хийдэг нэрээр өнгөлөн далдалсан тагнуул гэж цэргүүд бодсоор байсан.

Нэг цэрэг Никитагийн баруун хөлний өмдийг өвдөг хүртэл цуулж, өөр нэг цэрэг түүнийг цахилгаанд цохиулсан. Нүүрийг нь газарт наалдуулан хэвтүүлсэн учраас Никита ямар төрлийн хэрэгсэл ашиглан цахилгаанд цохиулж байгааг харах боломжгүй байсан ч гурав, дөрвөн удаа тус бүртээ таваас арван секунд хэртэй цахилгаан гүйдэл цохихыг мэдэрсэн. Төсөөлөх аргагүй өвдөлт мэдэрч, нэг хором хүртэл мөнхийн үргэлжлэх мэт санагдсан. Хамт очсон нөгөө хоёр энгийн иргэн ч мөн эрүү шүүлтэд өртсөн. 

RSF байгууллагатай холбоо тогтоосон нэгний хэлснээр, амьсгал боогдуулах зорилгоор түүний толгойд уут углаж, маш хэрцгийгээр зодсон байна. Цэргүүд Никитаг Оросын арми болон тэд Украин руу довтлон орсныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн захидал бичиж, гарын үсгээ зурахыг хүчээр тулгасан.

Никита болон хоёр энгийн иргэнийг хамтад нь хүлж - нүдийг нь таглаастай чигээр туун - зоорийн давхар нь хүйтэн усаар дүүрсэн байранд аваачсан. Тэднийг хоёр хоног хүйтэн зооринд хорьж, хамгаалагч нараас арай дулаахан газар аваачихыг гуйсны эцэст өөр газар руу нүүлгэсэн. 3 дугаар сарын 10-ны өдөр тэднийг өөр нэг байрны зоорийн давхарт аваачиж хорих үед бас нэгэн хоригдол нэмэгдсэн нь Украины төрийн албаны томоохон зүтгэлтэн байсан. 

Энэ байранд хоригдсон дөрвөн хүнийг өөр цэргийнхэн байцаасан. Никита тэдний зөвхөн хөл, гутлыг харж байсан ч байлдааны ангид харьяалагдах хүмүүс биш болохыг ойлгоход төвөггүй байлаа. Тэдний цэвэрхэн өнгөлсөн гутал, индүүдлэгтэй өмдийг харахад, Холбооны аюулгүй байдлын алба эсвэл Тагнуулын Ерөнхий газрын ажилтнууд байж болзошгүй юм. 

3 дугаар сарын 12-нд хоригдлуудыг маргааш суллана гэж мэдэгдсэн. 13-ны өдөр машинд суулган авч явсан. Машинд цаг гаруй явсны дараа Никитаг ойд суллан тавьсан. Цаазаар авах ял гүйцэтгэх гэж байна гэж бодоод тэрээр зугтааж гүйсэн. Араас нь буун дуу гараагүй ба гүйсээр зам хүрчээ. Зам дээр түүнийг өөр нэгэн Орос цэрэг зогсооход, ахиад баригдах нь гэж айсан. Гэвч тэрээр Украины энгийн иргэдийн машинд сууж чадсан. Машиндаа суулгахаас дургүйцсэн энгийн иргэдэд хандан цэргүүд “Та нар түүнийг авч явахгүй” гэвэл “Бид газар дээр нь буудан хорооно” гэж хэлсэн. 

Цахилгаан гүйдэлд цохиулсны улмаас Никита өнөө хэр нь бүх бие нь хөхөрсөн, хөл нь хавдартай, гараа хөдөлгөж чадахгүй хэвээр байна. Түүнд үзлэг хийсэн эмч, толгой биед нь цус хуралт үүссэн, баруун хөл битүү хавдартай, өндөр хүчдэлтэй цахилгаанд цохиулсны улмаас гар, хөл нь мэдээ алдалттай байгааг тодорхойлсон. Никитагийн гэмтэл Оросын армийн цэргүүдээс болсныг дурдаад эмч, түүнд “гэмт хэргийн чанартай гэмтэл авсан” гэсэн онош тавьсан. Никитагийн биеийн байдал одоо дээрдэж байгаа. Гэр бүл нь зугтаж чадсан. 

Эх сурвалж: RSF