Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Уг мэдээллийн төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Нэг зүйлийг тодруулж хэлэхэд гаднаас ажиллах хүч оруулж ирсэнтэй холбоотойгоор цахимаар янз бүрийн мэдээлэл их гарч байна. Монгол Улсын хилээр ямар хүмүүс орж, гарч байгааг манай улс бүхэлд нь хянаж чадаж байгаа. Ямар нэгэн гадны хүмүүсийг хулгайгаар, шөнө дөлөөр хилээр нэвтрүүлж байгаа зүйл огт байхгүй. Бид БНХАУ, ОХУ гэсэн хоёр том  мөнхийн хөрштэй. Манай улс хоёр хөрштэйгөө найрсаг сайхан харилцаатай байж ирсэн. Цаашид ч ийм байна.

Тиймээс янз бүрийн байдлаар мэдээлэл бичиж байгаа зарим нэг хүмүүс эх орондоо хайртай юм бол улс үндэстнүүдийн хоорондын харилцаанд сэв суулгасан зүйл битгий бичээрэй. Энэ нь эргээд бидэнд гай бол нь уу гэхээс сайн зүйл авчрахгүй гэдгий анхааруулъя. Уг асуудалд болгоомжтой хандаарай.

Янз бүрийн хий хоосон мэдээлэл бичих нь улс хоорондын хамтын ажиллагаанд хүндрэлтэй нөхцөл үүсгэдэг аюултай. " гэдгийг онцлон хэллээ.

Мөн тэрээр "Иргэд маань нэг зорилгын төлөө төр засгийнхаа шийдвэр, зөвлөмжийг дагаж, цар тахлыг амжилттай даван гарна гэдэгт итгэлтэй байна" хэмээв.