Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өнөөдөр тохиож буй Эх орончдын өдөрт зориулж, МАН-ын гишүүд, дэмжигчиддээ мэндчилгээ дэвшүүлжээ.

Тус мэндчилгээнээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

- Монгол Улсын түүхэнд нэгэн зууны түүхийг бүтээж буй улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 99 жилийн ой, Эх орончдын өдрийн баярын мэндийг Монголын нийт ард түмэндээ өргөн дэвшүүлье.

- Монгол Ардын Намын түүх бол Монгол улсын XX зууны хөгжил дэвшлийн түүх юм.

- Одоогоос 99 жилийн өмнө Ази тивд Анхны улс төрийн хүчин байгуулагдсан энэ билэгт өдөр бол зөвхөн Монгол Ардын Намын төдийгүй, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн хүчин, эх орон, тусгаар тогтнол, ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй Эх оронч хүн бүрийн баярын өдөр юм.

- Монгол Ардын Намаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа нь Монгол хүнээ хөгжүүлэх, оюун санаа, эдийн засаг, төрийн Тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхэд тууштай чиглэгдсээр ирсэн.

- 2015-2016 онуудад Монгол Улсын эдийн засаг уналтад орж, улсын сан хоосорч, гадаад өр зээлээ төлж чадахгүй дампуурлаа зарлахад ойрхон байсан асар хүнд цаг үед Монгол Ардын Нам засгийн эрхийг авсан.

- Бид 2016 оноос хойш улс орноо хямралаас гаргахын тулд санхүүгийн сахилга батыг чангатгаж, улсын төсвийн алдагдлыг бууруулах шат дараалсан арга хэмжээг амжилттай  хэрэгжүүлсэний үр дүнд эдийн засаг сэргэж, 8 их наяд төгрөгийн тулгамдсан өр төлбөрийг төлж барагдууллаа.

- Энэ жил буюу 2020 онд 1 их наяд төгрөгийн хуримтлалыг нэмж төвлөрүүлэн нийт 1,5 их наяд төгрөгийн хуримтлалтай болно. Энэ хуримтлалыг 2030 он хүртэл гар хүрэхгүйгээр нэмэгдүүлэн хуримтлуулах бөгөөд 2030 оноос эхлэн зарцуулах зохицуулалт хийсэн. Бид ирээдүй хойчдоо Өр биш Өв үлдээнэ.

- Бид бүтээн босгосон Улс орноо улам цогцлоон хөгжүүлж, Тусгаар тогтнолоо бататган хамгаалж, ард түмнээ эрүүл энх, амар амгалан, аз жаргалтай байлгахын төлөө чин сэтгэл, идэвх зүтгэл гарган ажиллаж Монгол Ардын Намынхаа түүхт 100 жилийн ойг амжилт, бүтээлээр дүүрэн угтаж чадна гэдэгт Ууган намын дарга, Улсын Ерөнхий сайдын хувьд итгэл төгс байна.

- Ардын нам, Ардын засаг мандтугай


МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх