Уимблдоны эргэн тойронд...

Б.Баясгалан
07 сарын 16, 2018

Мэргэжлийн теннисийн их дуулгын хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох Уимблдон шувтрах тийшээ хандаж байна. Эрэгтэйчүүдийн төрөлд Новак Жокович 4 дэх удаагаа Уимблдоны цомыг, нийтдээ 13 дахь их дуулгын түрүүгээ хүртэхээр шалгараад байгаа бол түүний өрсөлдөгчөөр Кевин Андерсон тодроод байна. Андерсоны хувьд хоёр дахь удаагаа их дуулгын тэмцээний шигшээд шалгарсан нь энэ юм. Тэрбээр өнгөрсөн жил Нэгдсэн Улсын нээлттэй тэмцээнд Надалтай тоглож байсан нь анхных.

Хоёр тамирчин энэ хүртлээ маш хол замыг туулж, хүндхэн тоглолтод оролцсон. Андерсон хагас шигшээд 6 цаг хагасаас ч удаан тоглож Уимблдоны бүх цаг үеийн түүхэндэх хамгийн удаан тоглолтын хоёрдугаарт жагсах тулааныг үзэгчдэд толилуулсан юм. Харин Жокович Надал гэсэн тоглолт 5 цаг 15 минту үргэлжилсэн бөгөөд хоёр тоглолт тус бүр 5 сэт гарсан нь шигшээ хүртэлх зам дардан байгаагүйг илтгэнэ.

Мөн өдгөө 32 настай Андерсон болон 31 настай Жокович нар цом булаалдахаар шалгарсан нь 30 буюу түүнээс дээш настай тамирчид ийн шигшээд гарч ирсэн хагас зуун жилийн түүхэн дэх анхны тохиолдол болж байна.

Уг тоглолт целсийн 30 хэмийн дулаанд, нартай цэлмэг уур амьсгалд явагдах юм.

Харин Уимблдоны эмэгтэйчүүдийн төрөлд шинэхэн ээж Серена Уиллиамс болон Анжелика Кербер нар хүч үзэж 6-3, 6-3 харьцаатай Кербер ялалт байгуулсан байна. Амаржаад удаагүй байгаа Серена Уиллиамс ямартай ч өндөр түвшний өрсөлдөөн үзүүлж чадна гэдгээ энэ тэмцээнээр батласан үйл явдал боллоо.

Эх сурвалж: SPS

Холбоотой сэдвүүд

теннис уимблдон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.