Шинэ Монгол сургуулийн судалгааны төвөөс санаачлан хэрэгжүүлж буй Монголын төрийн өмчийн ЕБС-иудын менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл амжилттай хэрэгжсээр байна.

Энэ жил сургуулийн менежментийг сайжруулах төслийн хоёрдугаар шатанд нийт 180 гаруй сургууль хүсэлт ирүүлснээс сонгон шалгаруулж сум, аймаг, нийслэлийн 60 сургуулийг сонгон авсан юм.

Эдгээр шалгарсан сургуулиудын нэг нь Ховд аймгийн ЕБ-ын Прогресс сургууль, Алтай болон Үенч сумын сургууль юм. 

Хэдийгээр цаг хугацаа шаардагдаж, чамгүй урт хугацааны ажил өрнөх боловч хамгийн сайхан нь үр дүн гарах байдаг. Төслийн багийнхны хувьд ч атгасан гар шиг ажиллаж, ажилдаа эзэн болж эхнээсээ үр дүнд хүрч, улам ч хичээж яваа сургуулиуд дээр ажиллах хамгийн урамтай байдаг талаар онцлон хэлж байв. Яг үүн дээр үлгэрлэл манлайлал үзүүлж байгаа захирал, менежрүүд Ховдын сургуулиуд дээр олон байгаа аж.

Тэдний нэг бол Ховдын боловсролын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж буй боловсон хүчний нэг, Прогресс сургуулийн захирлаар ажиллаж З.Энхбаяр, Үенч сумын ЕБС-ийн захирал С.Батхүрэл, Ховд аймгийн Алтай сумын сургуулийн захирал Б.Цэцэгбадам нар юм.

Б бүсийн зөвлөх багш Б.Шинэгэрэл “Ховд аймгийн сургуулиуд сургалтын турш бүтээлчээр ажиллаж арга барилаа өөриймсүүлж, сургуулийн онцлогт тохируулан агуулгаар нь нутагшуулж чаджээ. Төсөл эхэлж байхад З.Энхбаяр захирал “Бид 20 жилийн түүхээ бүтээчихлээ, дараагийн түүхээ менежментийн төслөөр эхлүүлж байгаадаа баяртай байна” гэж инээмсэглэн ярьж байсан бол барилгаар бол сууриа бат тавьжээ. Онцгойлон танай багийнханд талархал илэрхийлье” гэж онцлон хэллээ.

Сургуулиудын хувьд сургуулийн соёл дэгийг бий болгох нь ямар чухлыг дурдаж байв. Энэ талаар ус төслийг санаачлагч Монгол Улсын гавьяат багш, “Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч PH.D Ж.Галбадрах "Сургуулийн соёл буюу school culture гэж байх ёстой. Сургуулийн соёл гэдэг хүүхдийг дэг журамтай болгох юм. Манай Монголын сургуулиудад дутаад байгаа юм бол ерөөсөө л хичээл хичээл гээд заагаад гаргаад байдаг. Угтаа Сургууль гэдэг зөвхөн хүүхдэд мэдлэг олгож дүүргэх ёстой сав биш. Дүрэлзэж байх бамбар байх ёстой. Тэрийг асаахын тулд хичээлээс гадуурх үйл ажиллагаа шаардлагатай. 

Өөртөө итгэлтэй болгох ёстой. Үүнийг зүрх сэтгэлийн боловсролоор олгох ёстой. Манай “Шинэ Монгол”  сургуульд орохоор хүн болчихдог гэж. Хүн болно гэдэг чинь л зүрх сэтгэлтэй болж байна гэсэн үг. Ээж, аав нь их амар байдаг. Хүүхдүүдийг нь сургаад өгчихсөн. “Танай шавь чинь ирээд ёстой ухуулж өгч байна шүү дээ” гээд яриад байдаг. Энийг яаж хийдэг вэ гэхээр хичээлээс гадуур ажиллаад, багийн ажлаа цаг тогтоогоод, цаг төлөвлөөд оруулна гэдэг их чухал. Ийм ажлыг бид хийгээд ирсэн.  Бидний нотлогдсон арга зүй, туршлага байгаа юм. Энэ бол төрийн сургууль байна уу, хувийн сургууль байна уу гэдгээс ерөөсөө хамаарахгүй хийж болох ажил" гэлээ.

Эдгээр сургуулиудад өнөөдрийн байдлаах дараах үр дүнгүүд гараад байна. Дурдвал:

Хүүхдүүдийн хичээлийн идэвх оролцоо эрс сайжирсан. Мэндлэх хүндлэх соёлыг хэвшүүлж чадсан.

Үйл ажиллагаагаа зөвхөн багш ажилтны түвшинд бус сурагч, эцэг эхийн түвшинд таниулж төсллөө амжилттай хэрэгжүүлж байна.

Багш нарын дийлэнх нь ажлын ширээтэй болсон. Ингэснээр бүтээмж нэмэгдсэн.

Багш нар үеийн багш нарын системд нэгдэснээр хичээлийн хоцрогдол багассан.

Хүүхдүүдийн үеийн багт хувааснаар үе тэнгийн дээрэлхэлт багассан зэрэг үр дүнг гаргаад байгаа юм.

Эдгээр сургуулиудын төслийн баг Монголын төрийн өмчийн ЕБС-иудын менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төслөөс юу сурсанаа талаараа ийнхүү ярьж байна.

Б.Цэцэгбадам: Яг л дутагдаад, хайгаад байсан зүйл энэ төслөөс олсон

(Ховд аймгийн Алтай сумын сургуулийн захирал)

Манай сургууль 703 сурагчтай 37 багштай. Багш нарын маань давуу тал багаар маш сайн ажиллаж чаддаг. Төсөл хэрэгжсэнээр бид энэ арга барилаа нарийн системд оруулж, илүү сайжруулж чадлаа.

Яг л дутагдаад, хайгаад байсан зүйл энэ төсөлд байсан юм билээ. Иймээс багш нар маань маш сэтгэл хангалуун ажиллаж байгаа гэдгийг хуваалцахад таатай байна.

Төслөөс хамгийн сайн хэрэгжсэн бас үр дүнтэй нь мэндлэх хүндлэх ёс юм.

Хэдий энгийн дадал ч эерэг  үр дүнтэй сургууль бүхэн хэрэгжүүлэх ёстой дадал юм билээ.

Та бүхэн хүрэлцэн ирснээр бид зарим ойлгоогүй зүйлсээ асууж лавлан ойлголтоо нэгтгэж авсандаа талархаж байна.

С.Батхүрэл: Багш нараа ажиллах ажлын орчинтой болгосон

(Ховд аймгийн Үенч сумын ЕБС-ийн захирал)

Гавьяат багш Ж.Галбадрах багшийн  зөвлөснөөр багш нараа бүтээмжтэй ажиллуулах, тайван суугаад ажиллах орчныг нь бүрдүүлэх юм сан гэж мөрөөдөж явсан. 

Багш нартайгаа ярилцаад, Галаа багшийн бичлэгийг ч үзээд ерөөсөө л багшийн ширээ л авъя гэж ярилцсан юм.

Ингээд менежментийг сайжруулах санхүүжилтээр дунд ангийн 30 багшийгаа өөрсдийн гэсэн сандал ширээтэй болгосондоо маш их баяртай байна. Яг үнэндээ энэ талаар судалж мэдээгүй, төсөлд хамрагдаагүй бол нэг том ширээ 30 сандал авчих байсан.

Ширээгээ аваад багш нарыгаа байхгүй хойгуур эрэгтэй багш нартайгаа нийлж угсраад сюрприз барьсан шүү. Яг л Галаа багшийн хэлдгээр “Хүн төсөөлж чадсан зүйлээ л бүтээж чаддаг” гэдэг зүйл бидэнд тохиолдсон.Энэ бол яах аргагүй Монголын төрийн өмчийн ЕБС-иудын менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төслийн нөлөө, үр дүн юм.

Хаяадаа хичээлээ таслахаараа яг л хичээлээсээ хоцорсон хүүхэд шиг хэцүүднэ шүү дээ. /инээв/ Багт нэгтгэх менежментээс ч бас зөндөө зүйл сурсан. 

Сурсан мэдсэн зүйлээ харамгүй хуваалцсан танай төслийн багийнханд гүнээ талархал илэрхийлье.

 С.Уранцэцэг: Бид сургуульдаа олон өөрчлөлтийг бий болгож чадсан

(Ховд аймгийн ЕБ-ын Прогресс сургуулийн нийгмийн ажилтан)

Төсөл хэрэгжсэнээр бид сургуульдаа олон өөрчлөлтийг бий болгож чадсан. Тэр дундаас энэ удаа нэг туршлагаасаа хуваалцъя.

Багш нараа багт нэгтгэж ажиллуулдаг арга барил маш үр дүнтэй санагдсан. 

Ахлах ангийн сурагчдыг бүх ангийн хүүхдүүдээс санамсаргүй аргаар сонгоод 6 багт нэгтгэсэн юм. Нэг багт бүх ангиас хүүхдүүд сонгогдсон гэсэн үг. Бас бүгд өөрийн гэсэн үүрэгтэй.Ингэснээр нэг төгсөлтийн, нэг үеийн хүүхдүүдийн дунд хамтач, эерэг уур амьсгал бүрддэг юм билээ. Өмнө нь манай анги, танай анги л гэсэн талцсан ойлголт өмнөх үеэс уламжилж ирсэн буруу хандлагыг халах гэж хичээсэн. Үеийн багийн систем бол хүүхдүүдийг нэгнээ хүндэтгэж сурах, ойлголцож сурахад туслах хамгийн чухал арга шиг санагдсан.

Бид ингэж баг болгож нэгтгээд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг плакатны уралдаан зарласан нь амжилттай болсон. Багшийн хувьд төслийн үр дүнд хүүхдүүд нэгнээ илүү ойлгож, хүндэтгэдэг болсонд маш их талархаж байна.