Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайваннар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг өнгөрсөн хоёр 7 хоногт хүлээн авч уулзсан байна.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх хүрээнд хэрэгжүүлж буй нь  Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц”-ын түр журам амжилттай хэрэгжиж байна. 

Тухайлбал, 3 дугаар сард Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийг сэргээх үед тус боомтоор өдөрт дунджаар 32 машин хил гарч байсан бол 4 дүгээр сард өдөрт дунджаар 108 машин, 5 дугаар сард 420 машин, 6 дугаар сард 478 машин, 7 сард 500 машин хил нэвтэрчээ. 

2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс манай жолооч нар хятадын талд хонох нөхцөлийг бүрдүүлснээр нүүрс тээврийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. 

2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 1012 машин, 18-ны өдөр 1027 машин, 19-ний өдөр 1035 машин, 20-ны өдөр 1068 машин нэвтэрсэн байна.  Сэхээ боомтын тухайд, 7 дугаар сард дунджаар 450 машин гарч байсан бол 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс жолооч нар хятадын талд хонох нөхцөлийг бүрдүүлснээр өдөрт дунджаар 700 машин нэвтэрч эхлээд байна. 

Жолооч нарын хятадын талд хоноглох зочид буудлын нөхцөлийг сайжруулах, үнийг бууруулах хүсэлтийг дипломат шугамаар тавьж ирснийг харгалзан хятадын талаас Ганцмод боомтод 180 юань, Сэхээ боомтод  160 юань /оройн хоол, өглөөний цай багтсан/ -аар байрлуулах зохицуулалтыг хийгээд байна.