Цочмог анагаах ухааны салбарын 1000 гаруй эмч, мэргэжилтнүүд чуулж байна

Peak.mn
06 сарын 22, 2026

“Цочмог анагаах ухааны манлайлал, Аварч болох эндэгдлийг бууруулах нь” сэдэвт нарийн мэргэжлийн эмч, сувилагч, мэргэжилтнүүдийн анхдугаар чуулган "Скай ресорт" цогцолборт эхэллээ. Уг арга хэмжээг Монголын Мэдээгүйжүүлэг, Эрчимт эмчилгээ, Яаралтай тусламжийн нийгэмлэгүүд олон улсын ижил төрлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Статистик мэдээллээр Монгол Улсад жилд дунджаар 18,000 хүн нас бардаг бөгөөд үүний 70 хувь нь гэртээ өөд болдог байна. Мөн мэргэжлийн яаралтай тусламжийг цаг алдалгүй авч чадаагүйн улмаас жил бүр 3,000 гаруй хүн амь насаа алдаж байгааг зохион байгуулагчид онцоллоо.


Судалгаанд оролцсон иргэдийн үзэж буйгаар, хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод суурьших болсон гол шалтгаануудын нэг нь орон нутгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хангалтгүй байгаатай холбоотой аж. Энэ нь эрүүл мэндийн салбарын хөгжлийг бүс нутгийн байршлаас үл хамааран тэнцвэртэй хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна.

Тиймээс уудам нутагт тархан амьдарч буй иргэдийн алтан амийг цаг алдалгүй аврахын тулд салбарын уялдаа холбоог сайжруулах, олон улсын шилдэг туршлагаас суралцах зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Амь тэнссэн үеийн анагаах ухааны албадууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж чадвал илүү олон хүний амийг аврах боломж нээгдэх юм.

Хоёр өдөр үргэлжлэх тус чуулганаар цочмог анагаах ухааны манлайллыг бэхжүүлэх, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээ болон салбар хоорондын хамтын ажиллагааг дэмжих, эмнэлэг хүртэлх болон эмнэлгийн шатлал дахь аварч болох эндэгдлийг бууруулах чиглэлээр сургалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна.

Анхдугаар чуулганд нийт 1,000 гаруй эмч, төлөөлөгчид цуглараад байна. Үүнээс гадна Австрали, АНУ-аас ирсэн нарийн мэргэжлийн шинжээчид өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харуулсан, практикт шууд хэрэгжүүлэх боломжтой сонирхолтой илтгэлүүдийг тавьж буй нь оролцогчдын анхаарлыг татаж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.