Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 22 дугаар хуралдаан цахим хэлбэрээр өнөөдөр хуралдаж нийт 14 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Үүнд, нэр бүхий дөрвөн иргэнд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохын зэрэгцээ банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх, төлбөрийн баталгаа гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг компанид нэмж олгохоор шийдвэрлэсэн бол таван хадгаламж. зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг тус тус сунгалаа.

Харин энэ удаагийн хуралдаанаар нэг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг багасгасантай холбогдуулан үнэт цаасны зах зээлд андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.  

Мөн Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газраас хоёр компанийн үнэт цаасны зах зээлд брокерийн үйл ажиллагаа болон брокер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг, нэг компанийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх, нэр бүхий хоёр компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус түдгэлзүүлэх тухай санал оруулсныг эцэслэн шийдвэрлэсэн юм.

Хэдийгээр энэ өдрүүдэд хөрөнгийн зах эээлийн арилжааны хэмжээ багассан ч энэ сарын 11-23-ны өдрүүдэд 680 гаруй сая төгрөгийн үнэ бүхий үнэт цаасны арилжаа хийгдээд байна.

Цаашилбал, даатгалын компаниуд цар тахлын үед цахим горимоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дээрх өдрийн байдлаар нийтдээ 1775 даатгалын тохиолдол бүртгэгдэж, 699 тохиолдолын 274.2 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгожээ.