Улсын онцгой комисс хуралдаж, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих нь зүйтэй гэж үзсэн. 

Энэхүү хуралдааны дараа Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын гишүүдтэй хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг авч, зарим үүрэг чиглэлийг өглөө. 

Цар тахлын тархалт буурахгүй, өнөөг хүртэл нөхцөл байдал сайжрахгүй байгаа учраас нэг хэсэгтээ энэхүү халдварт өвчинтэй зэрэгцэн амьдрахаас өөр аргагүй байгааг Засаг дарга онцлоод, нийслэлийн төр, захиргааны бүх байгууллагууд иргэддээ үйлчлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстойг анхаарууллаа. Тиймээс төрийн захиргааны төв байгууллагууд, Захирагчийн ажлын алба, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагууд мэргэжил, арга зүйн талаас туслан дэмжиж ажиллахыг сануулсан юм. 

Мөн тэрбээр коронавируст цар тахлаас учирсан эдийн засгийн хохирлыг арилгах, эдийн засгийг сэргээх цогц төлөвлөгөөг нийслэлийн удирдлагын бүрэлдэхүүн боловсруулна гэдгийг хэллээ. 

Засаг дарга Д.Сумъяабазар “Хэдий цар тахалтай нүүр тулж байгаа ч нийгэм, эдийн засгийг сэргээхэд онцгой анхаарах ёстой. Тиймээс цар тахалтай зэрэгцэн амьдрах, эрсдэлийн менежмент рүү үйл ажиллагаагаа чиглүүлнэ” гэлээ.