П.Мөнгөнсор
09 сарын 16, 2026
Яг жилийн өмнө юм байна. “Миллениум Плаза”-н их танхимд “Цахиурын хөндий биднийг аварна гэж бүү хүлээ” гэсэн үг тодхон цуурайтаж байсан нь тод санагдаж байна. Дэлгэцнээ үндэсний хиймэл оюуны “Egune” лого тодрон асахтай зэрэгцээд технологийн салбарын тэргүүлэгч, “Болорсофт”, “Чимэгэ” системийг үүсгэн байгуулагч С.Бадрал улс үндэстнүүд яагаад өөрсдийн гэсэн хиймэл оюунтай байх ёстой талаар ярьж байлаа.
Өдөр тутам мэдээ бичих, орчуулах, дуу дүрс боловсруулах, мэдээлэл хайхдаа бид гаднын алгоритмыг улам их ашиглаж байна. Үүний хэрээр бидний өгөгдөл хаана очиж, ямар зарчмаар боловсруулагдаж, улмаар мэдээллийн орчинд ямар үнэлэмж, ямар алгоритмын логик нөлөөлж байгааг анхаарах шаардлага нэмэгдэж байгааг тэрээр онцолсон.
Өөрийн хэл, соёл, өгөгдөл, үнэт зүйлд нийцсэн технологийн чадавхтай байх тухай Sovereign AI буюу “бүрэн эрхт хиймэл оюун”-ы үзэл санаа эндээс эхэлнэ. Энэ нь зөвхөн технологийн тусгаар тогтнолын асуудал биш. Мэдээллийн тусгаар тогтнолын асуудал юм.
Гэхдээ технологийн дэвшлийн нөгөө талд хүний эрх, хувийн нууц, мэдээллийн аюулгүй байдал гэсэн илүү эмзэг асуудал бий. Хүний эрхийн үндэсний комиссын хэлтсийн дарга С.Тунгалагтамирын илтгэл үүнийг тодотгож билээ.
Гудамж, талбай гээд нийтийн орон зайг хэрэн сүлжсэн 5000 гаруй хяналтын камер, зорчих эрхийг хязгаарлахтай холбоотой ашиглагдаж буй 6000 гаруй цахим гав, хүний биометрик мэдээлэл буюу хурууны хээ, царай таних технологийн хэрэглээ зэрэг нь технологи хүний амьдралд ямар хэмжээнд нэвтэрснийг харуулна.

Технологи өөрөө сайн, муу гэсэн ангилалд багтахгүй. Харин түүнийг хэн, ямар зорилгоор, ямар хуулийн хүрээнд, ямар хяналттай ашиглаж байна вэ гэдэг нь гол асуудал. Хариуцлагын тогтолцоо сул, эрх зүйн зохицуулалт тодорхой бус орчинд хиймэл оюун, цахим технологи нь иргэдийн эрхийг хамгаалах хэрэгсэл бус, хянах хэрэгсэл болж хувирах эрсдэлтэй. Энэ эрсдэл сэтгүүлчдэд бүр ч шууд хамаатай.
Сэтгүүлчийн хамгийн чухал хөрөнгийн нэг бол эх сурвалжийн нууцлал. Гэтэл мэдээлэл цуглуулах, хадгалах, боловсруулах үйл явц цахимжихын хэрээр нэг эх сурвалжийн мэдээлэл хаана хадгалагдаж, хэн түүнд нэвтрэх боломжтой, ямар хиймэл оюуны системээр дамжиж байгаа зэрэг асуулт редакцын өдөр тутмын ажлын нэг хэсэг болж байна.
Технологийн хурд сэтгүүл зүйн ажлыг хөнгөвчилж болох ч сэтгүүлчийн хариуцлагыг хөнгөвчлөхгүй.
Энэ мэтээр2025 онд бид сэтгэл түгшин ярилцаж байсан. Цаг хугацаа хурдан өнгөрчээ. Өмнөх оны намар бид “Дижитал эрин үеийн ёс зүй: Хиймэл оюуны сорилт ба боломж” сэдвийн дор цуглаж байлаа. Тэр үед хиймэл оюун ухаан редакцын ажилд хэрхэн нэвтэрч эхэлж байгаа, боломжийнхоо зэрэгцээ ямар эрсдэл дагуулж болох талаар ярилцсан.
Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвийн тэргүүн Б.Дуламхорлоо хиймэл оюун хуурамч мэдээллийг хэрхэн шинэ түвшинд хүргэж болохыг бодит жишээгээр танилцуулсан юм. Зохиомол эдийн засагчийн хуурамч ярилцлага, хиймэл оюунаар дуу оруулсан бичлэг зэрэг нь худал мэдээллийг ялгах улам бүр хэцүү болж байгааг харуулж байв.
Тиймээс бид өнгөрсөн онд хиймэл оюун сэтгүүл зүйд ямар эрсдэл авчрах вэ? гэж асууж байсан бол энэ жил тэрхүү эрсдэлийг редакц дээрээ хэрхэн удирдах вэ? гэж асуух цаг иржээ.
Учир нь хиймэл оюун аль хэдийн сэтгүүлч бүрийн ширээн дээр өдөр тутам “ажиллаж” байна. Мэдээний эх боловсруулах, орчуулах, текст хураангуйлах, ярилцлагын бичлэгийг хөрвүүлэх, зураг, дүрс боловсруулах зэрэг олон ажилд хиймэл оюуны хэрэгслүүд ашиглагдаж байна. Гэвч чухам эндээс л хамгийн эмзэг асуудал үүсдэг.
Хиймэл оюуны боловсруулсан мэдээллийг нягтлалгүй нийтлэх, эх сурвалжийн нууц мэдээллийг хамгаалалтгүй системд оруулах, бусдын бүтээлийг зөвшөөрөлгүйгээр боловсруулах, алгоритмын алдааг хүний редакцын шийдвэр мэтээр олон нийтэд хүргэх зэрэг нь хийсвэр аюул огтхон ч биш. Харин сэтгүүл зүйн өнөөдрийн бодит сорилт болжээ.
Тиймээс хиймэл оюуныг ашиглах эсэх дээр бус, яаж, хаана, ямар зааг хязгаар, ёс зүйн дүрмийн хүрээнд ашиглах вэ гэдэгт энэ оны Сэтгүүл зүйн ёс зүйн форум төвлөрөнө. Өнгөрсөн жил бид сэрэмжлүүлсэн бол энэ жил ёс зүйн дүрэм, зарчим, зааг хязгаараа тогтоохыг зорьж байгаа юм.
Тийм ч учраас NEST төвөөс “Редакцуудад зориулсан хиймэл оюуны хэрэглээний ёс зүйн жишиг зарчмууд”-ын төслийг энэ удаагийн форумаар танилцуулж хэлэлцүүлэхийг зорьж байна. Энэ нь хиймэл оюуныг хориглох тухай биш харин технологийн боломжийг ашиглахын зэрэгцээ сэтгүүл зүйн үндсэн үнэт зүйлсийг хэрхэн хамгаалах тухай суурь зарчим болно гэсэн хүлээлт, амбиц бидэнд бий.

Түүнчлэн форумын үеэр хиймэл оюун болон гүн худал контентын судалгаа, сэтгүүл зүйн ёс зүй, редакцын түвшинд хэрхэн хэрэгжиж буй талаарх эмпирик судалгааны үр дүнгүүдийг танилцуулах нь ихээхэн анхаарал татаж буй.
Хиймэл оюун хурдан бичиж чадна. Их хэмжээний мэдээллийг богино хугацаанд боловсруулж чадна. Орчуулж, дууг текст болгож, дүрс бүтээж чадна.
Гэхдээ тухайн мэдээллийг нийтлэх нь хэнд ямар үр дагавартайг ёс зүйн үүднээс тунгаах, хүний эрхийг хамгаалах, олон нийтийн эрх ашгийг жинлэх эцсийн үүрэг технологид биш, хүнд үлдэнэ.
“Цахиурын хөндий биднийг аварна” гэж хүлээх хэрэггүй. Гэхдээ Цахиурын хөндийгөөс ирж буй технологийг үгүйсгэх ч шаардлагагүй. Харин өөрсдийн хэл, соёл, хууль эрх зүй, хүний эрх, сэтгүүл зүйн үнэт зүйл, ёс зүйд нийцүүлэн ашиглах чадвартай болох ёстой.
2025 онд бид хиймэл оюуны давалгааг харж, сэрэмжилж байсан.
2026 онд тэр давалгаан дунд өөрсдийн завийг хэрхэн жолоодох дүрмээ тодорхойлох гэж байна. Учир нь технологи хэчнээн хурдан хөгжсөн ч сэтгүүл зүйн мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй билээ.
Үргэлжлэлийг 2026 оны есдүгээр сарын 17-нд Сэтгүүл зүйн ёс зүйн форумаас ...
Ц.Чимэддондог
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.