Цаг сарын өдрүүдээр Гэмтэл Согог судлалын үндэсний төвд архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй хөлдөлт осголт, хүүхдийн түлэгдэлтийн дуудлага түлхүү ирдэг гэв.

Ялангуяа бууз жигнэхтэй холбогдуулан халуун тогоо, зуух мөн халуун савтай цайнд түлэгдэх гэмтэл ихэсдэг ажээ. Тодруулбал өдөрт тус төвийн яаралтай тусламж үйлчилгээний төвд өдөрт дунджаар 20 орчим хүүхэд эмчилгээ үйлчилгээ авдаг бол сар шинийн баярын өдрүүдээр 40-өөс дээш болж нэмэгддэг байна.

Өнөөдрийн байдлаар тус төвд хоол, цай, тосонд түлэгдсэнээс болж дөрвөн хүүхэд сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тиймээс эцэг эхчүүд халуун тогоо, халуун цай гэх мэт ахуйн халуун шингэн зүйлсээ хүүхдээс аль болох хол, хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулж анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Түлэнхийн шалтгаанаар нас барсан тохиолдлыг насны бүлгээр (3 жилийн  дундаж) :

- 0-5 нас 75.5%

- 5-19 нас 2.2 %

- 20- оос дээш насныхан 22.3%

Сүүлийн дөрвөн жилд 20774 хүн түлэнхийн шалтгаанаар эмчлүүлсэн байдаг бол үүний 80 хувийг 0-15 насны хүүхдийн түлэгдэлт эзэлжээ.