Уржигдар шөнөөс эхлэн орсон цастай холбогдуулан ГССҮТ-ийнхөн 4-5 дахин ачаалалтай ажиллажээ. Энэ талаар ГССҮТ-ийн Хүзүү, нуруу, нугасны гэмтэл согогийн тасгийн мэс заслын их эмч Л.Бат-Эрдэнээс тодруулга авлаа.

-Өчигдөр халтиргаа, гулгаанаас болж гэмтэж, бэртсэн хүн хэр их хандав?

-Өчигдрийн орсон цаснаас болж явганаас унаж гэмтсэн, автомашины ослоор гэмтсэн хүмүүс олноор ирж байна.Нийт 360 гаруй хүн үзүүлсэн.

-Голдуу ямар төрлийн гэмтэл авч эмнэлэгийн байгууллагад хандаж байна вэ. Энэ төрлийн гэмтэл хэр хүндрэл өгдөг вэ?

-Ихэвчлэн хөл, гараа хугалах, тархи толгойгоо гэмтээх мөн шагайны үений гэмтэл авч байна. Өчигдөр гэхэд 20 хүн хэвтэн эмчлүүлэхээр боллоо. Бүгд ямар нэгэн байдлаар аль нэг гэмтээсэн эд эрхтэндээ хагалгаа хийлгэнэ гэсэн үг. Хагалгаа хийлгэхгүйгээр гипс хийлгэж эмчилгээ авч байгаа иргэдийн тоо үүнээс хэд дахин их гарна. Зарим гэмтэл тэр дундаа тархи толгойдоо авсан гэмтэл бол хожуу урхаг нь илрэх магадлалтай. 

-Гэмтэл залуужиж байна гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-Өмнө нь ясны гэмтэл ахмадын дунд түгээмэл байлаа. Сүүлийн үед эсрэгээрээ залуужих хандлага анзаарагдаж байна. Үүнд агаар орчин, идэж ууж байгаа хоол хүнс гээд нэрлэвэл олон хүчин зүйлийн нөлөө бий. Гэхдээ дийлэнх нь 50-иас дээш насныхан түлхүү ханддаг хэвээрээ. Аль ч насныхны хувьд хүн рефлексээрээ унахдаа өөрийн мэдэлгүй гараараа тулчихдаг. Үүнээс болж ихэвчлэн гараа хугалах тохиолдол элбэг. 

-Сүүлийн үед түлэнхийн дуудлага хэр нэмэгдэж байгаа вэ?

-Улиралтай холбоотойгоор түлэнхийн дуудлага эрс нэмэгддэг. Жишээ нь гэрт нь гал гарсанаас болж түлэгдсэн тохиолдол цөөнгүй. Монгол гэрийг бид ямар ч цахилгаан хэрэгсэлгүй үед ашиглаж байсан анхны хэлбэрээрээ шахуу ашиглаж ирсэн. Орчин үед цахилгааны утас, залгааг мэргэжлийн бус хийснээс болж амархан шатаж байна. Гал гарлаа гэхэд хүмүүс нь бүх материал нь амархан шатдаг учраас иргэдийг өөрсдийн аюулгүй байдлаа сайтар хангаж, түлэгдэлтээс сэргийлэхийг зөвлөе.

-Халтирч гэмтэхгүйн тулд иргэдэд анхааруулж хэлэх зүйл байна уу?

-Энгийн зүйл шиг боловч улиралдаа тааруулж гутал хувцас сонгох нь маш чухал. Улирал шилжиж байгаа учраас хүмүүс хавар намрын гуталтайгаа явж байгаад халтирч гэмтэн ирж байна. Өвлийн гутал гэхэд зориулалтынх учраас халтиргаа гулгаанаас болж үүсэх эрсдэлийг 20-30 хувь багасгадаг.

Зарим хүмүүс халтиргаатай зам гэдгийг нь мэдсээр байж зам товчлох гэж яваад гар хөлөө хугалах нь элбэг. Тиймээс иргэдэд явах замаа зөв сонгож явахыг зөвлөе. Гэр хорооллын айлуудын хувьд угаадасаа гудамж руугаа асгаж халтиргаа, гулгааг өөрсдөө бий болгодог шүү дээ. Асгасан угаадас дээр нь хүүхдүүд тоглож, иргэд халтирч унаж бэртэж гэмтэх явдал цөөн биш. Өөрсдөө ч өрөөл бусдыг ч хохироохгүйн тулд үүн дээр анхаарал хандуулахаас өөр арга алга.

-Хүмүүс гэмтэж бэртчихээд дур мэдэн эмчилгээ хийлгэж хүндрүүлэх тохиолдол хэр их гардаг вэ?

-Хэзээ ч гэртээ дур мэдэн элдэв эмчилгээ хийлгэж болохгүй. Хамгийн түрүүнд гэмтсэн бол оролдохгүйгээр шууд эмнэлэгийн байгууллагад хандаж оношоо тодруулах хэрэгтэй.

Манайхан гэмтэж хугарсан хэрнээ эмчид очихгүй бариачид очиж хүндэрсэн шатанд орсны дараа ирдэг тал бий. Бас элдэв амьтны мах, яс сайн гэж ууж иддэг. Иймээс иргэдэд уламжлалт аргаа хэрэглэхээс өмнө яаралтай эмнэлэгийн байгууллагад хандахыг зөвлөнө.