Доналд Трамп ТикТокийг буцаан авчирлаа

Н.Жавхлан
01 сарын 20, 2025

ТикТок саяхан АНУ-д хориглогдож 170 гаруй сая хэрэглэгчдээ алдахад хүрээд байсан билээ.

Тэгвэл ерөнхийлөгч Доналд Трамп даваа гаригт албан тушаалаа хүлээж авсан даруйдаа хоригийг түр хойшлуулж байгаагаа мэдэгдлээ. Үүнд залуучууд ихэд баяртай байгаа юм. 

Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн эзэмшдэг цахим платформ болох Truth Social дээр 

“Би компаниудаас ТикТок-ыг орхихгүй байхыг хүсэж байна. Үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд хуулийн хориг хэрэгжихээс өмнө хугацааг нь сунгах тушаалыг даваа гаригт гаргана. Америкчууд ерөнхийлөгчийн тангараг өргөх нээлтийн ёслолийг үзэх эрхтэй” хэмээн мэдэгдсэн байна.


Үүний хариуд TikTok компани АНУ-д үйл ажиллагаагаа сэргээж байгаа бөгөөд

“Ерөнхийлөгч Трамп 170 сая гаруй америкчуудад TikTok-ийг хүргэж, 7 сая гаруй жижиг бизнесийн амжилтад хувь нэмэр оруулж буй үйлчилгээ үзүүлэгчдэд ямар ч торгууль ногдуулахгүй гэдгээ баталсанд талархал илэрхийлье" хэмээн мэдэгджээ.   

Мөн Доналд Трампын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд ТикТок компанийн гүйцэтгэх захирал Шоу Чеу очих аж. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолтц энэ тухайд “АНУ-ын хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалж арга хэмжээ авах шаардлагатай” гэжээ. Тэрбээр Хятадад байгаа бүх компаниуд ямар нэгэн байдлаар Хятадын Коммунист намтай холбоотой гэж үзэж буй.

Харин Трампын хувьд ТикТок платформд 90 хоногийн хугацаа өгч байгаа бөгөөд тус платформын үндсэн эзэмшигч болох ByteDance хяналтын хувьцаагаа АНУ-д өгөхийг зөвшөөрөх юм бол энэ хориг дуусгавар болох юм. 

 

Холбоотой сэдвүүд

ану тикток

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.