Аз жаргалтай төгсгөл, хүнлэг сэтгэлийг харуулсан, баяр баясгалант кино үзэхийг хүсч байгаа бол та энэ цувралыг шууд алгас.

Харин ажил, хичээлийн стресстээ дарагдаад, хорвоо ганцхан надад л ингэж хатуурхаад байна уу даа гэж бодох үедээ энэ киног үз. Бусад савангийн дууриас ялгаатай нь дараагийн анги дээр ямар үйл явдал өрнөх талаарх баримжаа гаргахад тун төвөгтэй. Учир нь уг киноны зохиолч Ким Сон У нь “макжанг” драмын мэргэжилтэн юм. 

Макжанг гэдэг нь энгийн бус, байж боломгүй, хэтрүүлэгтэй үйл явдлаар дүүрэн киног нэрлэх нэршил бөгөөд ийм киноны үзэгчдийн хувь маш өндөр байдаг байна. Тэгвэл үүнийг батлах мэт өнгөрсөн баасан, бямба гарагт гарсан тус цувралын хоёрдугаар бүлгийн 9, 10 дугаар ангийн үзэгчдийн хувь 20,8 ба 23,6 хувийн өндөр амжилт үзүүлжээ.

Хэдий кино зохиол ч гэсэн нийгэмд баян ядуугийн ялгаа, атаа жөтөө, хорсол тэмцэл яг л аюулт тахал шиг тархсныг та энэ цувралаас ойлгох болно.  


Уг цувралд кино шүүмжчлэгчдээс өгсөн үнэлгээ:

Imdb-гээс 8.1/10

Өгүүлэл ба утга санаа: 9.0

Жүжигчин / Дүрүүд: 10

Хөгжим, дуу: 7.5

Дахин үзэх үнэ магадлал: 8.5

Нийт дундаж: 8.5

Киноны ерөнхий агуулга

'Пентхаус' бол SBS телевизийн бүтээсэн олон ангит сериал бөгөөд нийт гурван цувралтай. Эхний цуврал 21, хоёрдугаар цуврал 12 ангитай. Мөн энэ долоо хоногт хоёрдугаар бүлгийн төгсгөлийн 11, 12 дугаар анги цацагдана. Харин гуравдугаар бүлгийн зураг авалт хэзээ эхлэх тухай баттай мэдээлэл хараахан гараагүй байна. 

Энэхүү цувралд “Хэра плас” нэртэй тансаг шилтгээнд амьдардаг солонгосын дээд зэрэглэлийн баячуудын тухай өгүүлнэ. Тэдгээр баячууд эд хөрөнгө, албан тушаалаа хадгалан үлдэхийн тулд хүний төсөөлөлд ч буумгүй аймшигт үйлдлүүдийг ар араасаа гаргаж эхэлнэ, заримдаа хамтарч үйлдэнэ. Энэ нь хэн нэгнийг алах ёстой байсан ч хамаагүй. Тэд зорилгодоо заавал хүрнэ. Хэн ч зогсоож зүрхлэхгүй. 


Гол дүрийн жүжигчин Ким Со Ён-ий тухай

Өмнөд солонгосын алдартай жүжигчдийн нэг Ким Со Ёон нь 14 настайгаасаа жүжиглэж эхэлсэн. Анхны дүр бүтээсэн кино нь “Үлэг гүрвэлийн багш” олон ангит кино бөгөөд уг дүрээрээ олонд танигджээ. Зөвхөн Пэнтхаус ч бус тоглосон дүр бүртээ сэтгэлээ шингээж, чадварлаг үзүүлдгээрээ үзэгчдийн сайшаалыг хэдийн хүртсэн. 

Түүний тоглосон цувралуудаас сонирхуулвал, “All About Eve” (2000), “IRIS” (2009), “Prosecutor Princess” (2010), “Two weeks” (2013), “I need romance 3” (2014) зэрэг алдартай бүтээлүүд бий. Тэрээр мөн "Real Men" (2014) цэргийн реалити шоуны эмэгтэй хувилбар мөн "We Got Married Season 4" хосын нэвтрүүлэгт оролцож байжээ. 

Сонирхолтой нь, жүжигчин бүсгүй 2016 онд “Happy home” цувралд  хамтран гол дүр бүтээсэн жүжигчин И Сан Ү-тэй дотносож, ердөө жилийн дараа гэрлэлтээ батлуулсан аж.


Шүүмж

Эхлээд, үйл явдлаас нь бичвэрээ эхэлье. Пентхаусын нэгдүгээр бүлэгт хүн амины хэргийн хохирогч ба нууц, өшөө авах төлөвлөгөө, олон янзын дүрийн сэтгэл хөдлөл, тэдгээрийн хоорондох зөрчилдөөнийг голчлон харуулна. 

Хэрэв та сайтар анзаарсан бол киноны үйл явдлууд дээр зарим нэг логик алдаанууд гардаг. Тухайлбал, бүхэл бүтэн Солонгосын хамгийн нэртэй “Чон А” ахлах сургуульд хяналтын камер байдаггүй, баячуудын хийсэн хэргийг харсан ямар ч гэрч байхгүй гэх мэт. Гэхдээ энэ бүхнийг дараагийн ангийн үйл явдал шууд мартагдуулж, заримдаа та “Аан угаасаа л хяналтын камергүй юм чинь яая гэхэв” гэж бодтол санаанд оромгүй сонирхолтой үйл явдлаар дүүрэн.


Дүрүүдийн талаар багахан ярилцъя. Хаанаас эхлэхээ сайн мэдэхгүй юм. Ямартай ч Пэнтхаус олон талаараа 2018 оны хит драма “Sky Castle”-тэй тун төстэй. Гэхдээ гол ялгаа нь таны сайн тал гэж тодорхойлж байсан ердаа ганц анги дээр огцом өөрчлөгдөж, тэр чигээрээ илүү муудан нэг л мэдэхэд галзуурсан байна.

Пентхаусын ихэнх дүр ёс суртахууны талаар төдийлөн ойлголтгүй байх ба тэдэнд хүн чанарын хэлтэрхий үлдсэн эсэхт ч эргэлзэж болохоор. Магадгүй энэ киноны арван дүр тутмын ес нь эсрэг талын дүрд тооцогдоно. Гэхдээ муу дүрүүд болон тэдний хийж буй санаанд оромгүй үйлдлүүд л энэ киног илүү амьд, алдартай болгож байгаа юм. Тиймээс дүр, сцени болгонд нухацтай оюун дүгнэлт хийлгүй үзвэл та энэ кинонд өөрөө ч анзааралгүй хэдийн уусан орсон байна.

Эцэст нь жүжиглэх тухай ярилцъя. Жүжигчний мэргэжлийн хамгийн хэцүү нь магадгүй дүрийн сэтгэл хөдлөлийг оновчтой гаргах байх. Хэдхэн минут эсвэл нэг ангийн хугацаанд бус бүтэн цувралын хугацаанд хашгирч, уйлж, уурлаж байгаа жүжигчдийг магтахгүй байхын аргагүй.

Би хувьдаа кино жүжигчдийн чадварыг бишрэн шүтсэн бөгөөд онцлон дурд гэвэл Чон Со Жиний дүрд тоглосон Ким Со Ёнийг тодотгомоор байна. Түүний дүрийн онцлог бол галзуу, харгис хэрцгий, хамгийн муу дүрүүдийн нэг. Чухам жүжиглэлтийн энэ багахан хэтрүүлэг, нарийн гүйцэтгэл нь түүнийг ийм гайхалтай чадварлаг харагдуулж буй.

Дууны хувьд гэвэл тийм ч их сэтгэлд хүрсэнгүй. Харин хөгжмийн найруулгыг өндөр түвшинд гүйцэтгэсэн гэж хэлмээр байна. Хэрэв 'Sky Castle', 'The World of the Married' шиг мартагдашгүй OST( киноны дуу) хийсэн бол маркетингийн хувьд улам дээр байх байсан болов уу.

Ерөнхийдөө 'Пентхаус' киноны эхний улирлын үнэлгээ миний хувьд 10-аас 8. Ямартай ч миний зүгээс танд энэхүү киног үзэхийг санал болгоё. Танд нэг бол бүх ангийг нь шууд угсруулаад үзчихмээр санагдана эсвэл эхний гурван ангиас уйдаж эхэлнэ. Таны кино бүтээлийг үнэлэх мэдрэмжээс л шууд хамаарна гэж хэлмээр байна. Мөн жишээ дурдахад солонгос кино амьдралдаа үзэж байгаагүй хүн хүртэл энэ драмаг үзээд шинэ анги гарах өдрийг нь хуруу даран хүлээдэг болсон шүү.


Санал болгож буй заавал үзэх сцени: