Технологийн тэрбумтан Элон Маск Тесла цахилгаан автомашины компанийн бүтээсэн хүн дүрст роботынхоо анхны загварыг танилцууллаа.

Тус робот тайзан дээр алхаж, даллаж, бүжгийн энгийн хөдөлгөөн хийж үзүүлэв. Түүнчлэн, хайрцагтай ачаа зөөж, тасалгааны цэцэг усалж байгаа дүрс бичлэгийг нь үзүүлсэн юм.

"Optimus" робот одоо Tеслагийн автомашинуудад ашиглаж буй "Autopilot системтэй" бараг адилхан хиймэл оюун ухааны технологиор объектуудыг тодорхойлдог. 

Бичлэг үзэх:

Дотроо 2.3 киловатт цаг батарейтэй. Энэ нь цэнэгээ бүтэн өдөр ажиллаж чадах хүчтэй гэсэн үг. Мөн Tesla SoC цэнэглэх технологи, wi-fi болон LTE холболттой юм байна. Уг роботын хөл нь гэхэд 450 килограмм даах чадвартай. Эрчим хүч харьцангуй бага буюу компьютер тоглохтой ижил хэмжээний цахилгаан зарцуулна.

Элон Маск анх Tesla-ийн үйлдвэрүүдэд ажилчин робот бүтээж, санаагаа өргөжүүлэн ажил хамтран гүйцэтгэгч роботыг дэлхийн зах зээлд борлуулах сонирхолтой болсон. Тэрбээр ирээдүйд роботууд их хэмжээний ашиг авч ирнэ гэж үзэж байгаагаа дурджээ. 

Робот худалдааны бизнесийг ийнхүү ирээдүйтэй гэж харж буйн гол шалтгаан нь тус роботыг Tесла автомашинаас бага зардлаар (20,000 ам.доллар орчим) бүтээх боломжтой гэнэ. Тиймээс хэзээ нэгэн өдөр Tеслагийн роботууд автомашинуудаас илүү үнэ цэнтэй болно гэж Элон Маск хэлжээ.