Блокчэйн төрийн худалдан авалтыг ил, тод, ямар ч будлиан самуунгүйгээр үндсэндээ хүний оролцоог үгүй болгож байдгаараа давуу талтай.

Блокчэйн нь “тархмал бүртгэл” / distributed ledger/ гэдэг технологийн нэг хувилбар бөгөөд өөрийн сүлжээний бүх компьютер дээр хийгдэж буй гүйлгээ /бүртгэлд орж байгаа бүх өөрчлөлтийг/ бүрийг нэгэн зэрэг автоматаар тухай бүр бүртгэж байдаг. Энэ гүйлгээ буюу өөрчлөлт нь олон нийтэд нээлттэй байхаар зохиосон технологийн хувьсгалч шийдэл юм.

Ойлголтоо нэгтгэхийн үүднээс нэгэн бүдүүлэг харьцуулалт хийе. Бид “таван гар” муушигдаж байна гэж бодъё. Нэг нь дансаа хөтөлж хэн нь хэдэн оноотой байгааг бүртгэж байдаг. Нөгөө нөхрөө дансны аргаар идээд байгаа юм биш байгаа гээд санаа зовбол олигтой тоглосон болохгүй нь ойлгомжтой. Одоо бүгдээрээ тус тусдаа данс хөтөлдөг болчихъё гэвэл хэн нь ч өөртөө илүү оноо нэмэх утгагүй болно. Учир нь энэ өөрчлөлт нөгөөдүүлийн данс дээр тэр нь тусгагдахгүй. Блокчэйний гол суурь зарчим энэ л юм. Дээр нь нэмэхэд бүгдийн бүртгэл яв цав нийлж байж ерөнхий бүртгэлд өөрчлөлт орох ба энэ нь бүгдэд ил тод харагдаж байдаг. Нэгэнт орсон өөрчлөлтийг хэн нь ч засаж засаж өөрчлөх, баллаж сохолж болдоггүй.

Тэгвэл блокчэйн нь тендер тойрсон асуудлаас хэрхэн салгаж чадах бэ? Доорхи гурван чиглэлээр шууд энэ асуудлыг арилгах боломжтой гэдэг нь харагдана:

Ил тод байдлыг хангах
Блокчэйнийг тендерт ашиглавал тендерийн үйл явц олон нийтийн өргөн хяналтын доор нээлттэй ил тод явагдах нь ойлгомжтой боллоо. Бараа үйлчилгээг бэлтгэн нийлүүлэгчид тендерийн байгууллагын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг мэдээллийг цаг тухайд нь авч болохоос гадна өрсөлдөгчдийн тендерийн материалыг үзэж хэн нь ямар учраас тендерт ялсан эсвэл өвдөг шороодсон болохоо олж мэдэх боломжтой.

Шаардлагад хэр нийцэж байгааг тодорхойлох
Тендерийнхэн маань блокчэйн ашиглаж бэлтгэн нийлүүлэгч тухайн төслийг графикын дагуу төслийн шаардлагуудад хэрхэн нийцүүлэн хэрэгжүүлж байгааг бодит цаг хугацаанд хянах боломжтой. Энэ нь нөгөө талаас бэлтгэн нийлүүлэгчид ажлын явцаа хянаж хугацаа хойшилсон гэх мэтийн элдэв торгууль төлбөрт орохгүй байх нөхцлийг хангаж өгөх сайн талтай.

Хууль эрхзүйн маргаанаас ангид болгох
Дээр хэлсэнээр блокчэйн дээр бүртгэгдэж үүссэн түүхийг хэн ч эргүүлж буцааж болохгүй нь хуульэрхзүйн элдэв асуудал үүсэхэд чухал баримт болон үлдэнэ.

Баримт бичгийн солилцоонд блокчэйнийг ашиглаж бүртгэлжүүлж байснаар тендерийнхэн болоод бэлтгэн нийлүүлэгчид аль алин өөсдийгөө гэрээний үүргээ биелүүлж байгаа нотолж чалахгүй байдалд орох ба харилцан үл ойлголцох тохиолдлуудаас хамгаалж чадна.

Блокчэйнийг бүх түвшний ямар ч төрийн байгуулагууд ашиглаж худалдан авалттай холбоотой үйл ажилагаагаа үр ашигтай явуулах боломжтой юм. Хамтран ажиллая гэвэл Монголд блокчэйн хөгжүүлэлтийн чиглэлээр мэргэшиж байгаа шижигнэсэн залуучууд ч олон бий. Ингээд төрийн албаныхан тендерийн асуудлаас нэр төрөө цэвэрлэх санааг нь хэлээд өглөө. Тендерийнхэн маань хийдийн хашаанд цацсан будаа руу тагтаа дэрхийдэг шиг сонирхох байх гэж найдъя. Хэрэв үгүй бол тэд маань тагтаа шиг цагаан биш гэдэг олны хардлага батлагдана даа.



Эх сурвалж: Крипто доогтэр