Цэдэнбалын Цэрэндолгор
11 сарын 14, 2018
"Цахим Эгэрэг" ХХК-ийн захирал О.Бадралтай блокчэйн технологийг ашиглан ЖДҮ болон тендер тойрсон асуудлуудыг цэгцлэх сэдвээр ярилцлаа.
-Блокчэйн технологийг ашиглан ЖДҮ болон тендер тойрсон асуудлуудыг цэгцлэх боломжтой юу?
-Блокчэйн төрийн худалдан авалтыг ил, тод, ямар ч будлиан самуунгүйгээр үндсэндээ хүний оролцоог үгүй болгож байдгаараа давуу талтай. Тиймээс өнөөдөр үүсээд байгаа ЖДҮ болон бусад сантай холбоотой асуудлыг бүрэн цэгцлэх боломжтой. Гэхдээ нэг зүйлийг онцгойлон анхааруулахыг хүсч байна. ЖДҮ, тендер гээд нийгмийг бужигнуулаад байгаа олон асуудал, завхралуудыг цэгцлэхийн тулд юуны түрүүнд эдгээр асуудлуудыг үүсгээд байгаа шалтгаанаа эхлээд олж тогтоох шаардлагатай. Асуудлын шалтгааныг олж тогтоогоогүй байж тэр "идчихлээ", барьж хорино, хөрөнгийг нь хураая гэж сүржигнээд ч асуудал хэвээр алга болохгүй. Ялангуяа үүнийг хүмүүсийн ёс зүй, хариуцлагагүйгээс болдог гэж одоогийнх шиг ерөнхийлж ойлгоод байвал энэ асуудал алга байсаар л байна.
Аливаа байгууллагыг систем гэдэг талаас нь харах юм бол түүний алдаа дутагдлын 98 хувь нь системийнх зөвхөн үлдэх 2 хувь нь хүмүүст ногдоно гэж үздэг. Системийг хэн гэдэг хүн байгаагаас хамааралгүйгээр зорилгодоо нийцүүлэн ажилладаг болоход нь блокчэйн гэдэг технологи тусалж чадна, тиймээс ч түүнийг нэвтрүүлэх шаардлагатай.
-Энэ технологийг тайлбарлавал, ямар давуу тал нь ийм боломжийг олгох вэ?
-Блокчэйн технологи гэдэг нь энгийнээр хэлвэл тоон буюу дижитал өгөгдлийн баазыг бий болгож баяжуулж байх орчин үеийн технологи юм. Блок нь болохоор комьютерийн урьдчлан тодорхойлсон программ, алгоритм, дэс дарааллын дагуу бий болсон цэгцтэй багц өгөгдөл мэдээлэл.
Блокчэйн технологи нь distributed ledger technology буюу тархмал бүртгэлийн технологи дээр суурилсан байдаг. Тархмал гээд байгаад энэ технологийн хамаг шид нь оршино.
Блокчэйнд мэдээлэл буюу гүйлгээ нь хэн нэгэн этгээд, байгууллагын мэдлийн бус дэлхий нийтээр тархан байрлаж байгаа компьютерүүд дээр хийгддэг. Ингэснээр тухайн сүлжээнд хамаарах тусгай нууц технологи, алгоритмын дагуу бүх компьютер дээр баталгаажигдаж байж орж тэдгээрт хадгалагддаг.
Хэн нэгэн этгээдийн удирдлага зохицуулалтаас ангид, төвлөрсөн бус, олон нийтэд нээлттэй ил тод, мэдээлийг хуурамчаар үйлдэх болон нэгэнт орсон мэдээллийг засаж өөрчлөх боломжгүй гэдгээрээ давуу талтай
Бас ямар нэгэн байдлаар мэдээлэл устаж алга болох аюулгүй. Дэлхий даяар нэгэн зэрэг цахилгаан тасрах магадлал бараг байхгүй учраас тэр.
-Блокчэйн нь тендер тойрсон асуудлаас хэрхэн салгах вэ, арга замууд?
-Хүүхэд байхад уншиж байсан нэгэн өгүүллэг санаанд орлоо. “Жож” Сэрээнэн байх аа, нэг нөхөр хот орж цахилгаан гэрэл үзэж хөөрөн догдолно. Тэгээд нутгаа хот шиг гэрэлтэй болгоё гэж баахан чийдэн худалдан авна. Гэвч мань эр хөдөө нутагтаа ирээд л чийдэн зүгээр л өөрөө асчихдаггүй юм байна гэдгийг олж мэддэг.
Яг түүнтэй адил блокчэйн технологийг ЖДҮХС-д юм уу тендерийн үйл ажиллагаанд шууд ашиглана гэж байхгүй. Ашиглахын тулд эхлээд байгууллагын "эрүүл мэнд"-ийн үйлчилгээ үзүүлдэг компаниар үзүүлж шинжилгээ оношилгоо хийлгэж "эмчилгээний жор"-оо гаргуулна.
"Эмчилгээний жор" гэж ЖДҮХС дээр байгаа асуудлуудыг гарахгүй болтол нь нам дарах арга замуудыг тодорхойлуулна гэсэн үг. Дараа нь блокчэйний программ бичдэг компаниудад хандаж блокчэйний дизайнаа гаргуулж смарт контракт буюу блокчэйн ажиллах нөхцөл, шаардлагуудыг тусгасан программуудаа бичүүлнэ. Ингэснээр асуудал гаргаад байгаад гол шалтгаануудыг арилгах блокчэйнтэй болно. Хэрэв блокчэйнээ ажилд оруулах юм бол манайд элдвээр хэлүүлдэг “үйлийн үрт”-тэй сангууд, тендерийн ажил үйлс ном журмаараа явдаг болно.
Хамтран ажиллая гэвэл Монголд блокчэйн хөгжүүлэлтийн чиглэлээр мэргэшиж байгаа шижигнэсэн залуус олон бий.
-Тендерийг блокчейнд шилжүүлэхийн давуу талууд?
- Хэд хэдэн давуу тал бий.
#1 Блокчэйнийг тендерт ашиглавал тендерийн үйл явц олон нийтийн өргөн хяналтын доор нээлттэй ил тод явагдана. Бараа үйлчилгээг бэлтгэн нийлүүлэгчид тендерийн байгууллагын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаарх мэдээллийг цаг тухайд нь авч болохоос гадна өрсөлдөгчдийн тендерийн материалыг үзэж хэн нь ямар учраас тендерт ялсан эсвэл өвдөг шороодсон болохоо олж мэдэх боломжтой.
#2 Шаардлагад хэр нийцэж байгааг тодорхойлж болно. Тендерийн шалгаруулах хорооныхон блокчэйн ашиглаж бэлтгэн нийлүүлэгч тухайн төслийг графикийн дагуу төслийн шаардлагуудад хэрхэн нийцүүлэн хэрэгжүүлж байгааг бодит цаг хугацаанд нь хянах боломжтой. Энэ нь нөгөө талаас бэлтгэн нийлүүлэгчид ажлын явцаа хянаж хугацаа хойшилсон гэх мэтийн элдэв торгууль төлбөрт орохгүй байх нөхцлийг хангаж өгөх сайн талтай.
#3 Хууль эрхзүйн маргаанаас ангид байх боломжтой. Дээр хэлсэнээр блокчэйн дээр бүртгэгдэж үүссэн түүхийг хэн ч эргүүлж буцааж болохгүй. Энэ нь хууль эрхзүйн элдэв асуудал үүсэхэд чухал баримт болон үлдэнэ. Баримт бичгийн солилцоонд блокчэйнийг ашиглаж бүртгэлжүүлж эхэлсэнээр тендерийнхэн болоод бэлтгэн нийлүүлэгчид аль аль нь өөсдийгөө гэрээний үүргээ биелүүлж байгаа нотолж чадахгүй байдалд, харилцан үл ойлголцох тохиолдлуудаас хамгаалж чадна.
-Ингэснээр төрийн албаныхан тендерийн асуудлаас болж худал үнэн нь мэдэгдэхгүй хардагдаж сэрдэгдэх асуудал ч цэгцрэх нь ээ?
-Зөвхөн төрийнхөн гэлтгүй ялгаагүй хувийхан ялангуяа уул уурхай, гадаадынхантай хамтардаг компаниуд хөрөнгө мөнгөний зарцуулалтын асуудал дээр хардагдаж сэрдэгдэж л байдаг. Ийм асуудал ямар хэцүүг үзсэн хүмүүс сайн мэднэ.
Хардуулж, харддаг байхын нь аль аль нь асуудал биш. Харин ийм байдалд оруулаад байгаа шалтгаан буюу албан тушаалтны юу хийж байгаа нь нууц, хаалттай байдлыг блокчэйний тусламжаар алга хийнэ гэсэн үг.
Камертай өрөөнд ажилладаг хүн ажил дээр байдаггүй гэх ямар нэгэн ярианд орохгүй. Учир нь камерын бичлэг баримтыг баталгаажуулж байгаа учраас. Харин албан үүргээ журмын дагуу хийдэг эсэх нь тодорхойгүй хэвээр. Учир нь энэ нь камерт бичигдэхгүй буюу шууд хянах боломжгүй юм. Харин байгууллага дээр блокчэйнийг нэвтрүүлэх юм бол тухайн ажилтны хаана байсан нь биш, юу хийсэн нь олон нийтэд ил тод харагдана.
Ингэсэн цагт түүнийг засч сохлох, устгах боломжгүй тул үүргээ журмын дагуу биелүүлдэг хүн хардлага сэрдлэгээс чөлөөлөгдөх нь ойлгомжтой. Хэрэв шударга бусаар ажиллавал хэзээ нэгэн цагт баригдаж ЖДҮХС дээр гарсан шиг асуудалд орооцолдох тул зүрхлэж хийх “зоригтон” гарахгүй биз ээ.
-Гадны орнууд дахь энэ төрлийн сайн туршлагыг хуваалцахгүй юу?
-Дубайд гэхэд бүх төрийн үйлчилгээний алба болоод төрийн өмчит үйлдвэр аж ахуйн газруудынхаа үйл ажиллагааг блокчэйнд шилжүүлчихлээ. Мөн Япон, Мальта , Швейцари зэрэг улс оронд блокчэйнийг төрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох, хүнд суртал, өртөг зардлыг бууруулахад ашиглаж байна.
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.