Агаарын бохирдол туйлдаа хүрээд байгаа энэ үед утаанаас хамгаалах агаар шүүгч, утаа шүүгчтэй амны хаалт, амин дэмийн бизнесүүд цэцэглэдэг. Үүний нэг нь хүчил төрөгчийн коктейл юм.

Франс-Пресс агентлаг энэ талаар "Монголын эрүүл мэндийн салбарынхан “ямар ч үр дүнгүй” гэдгийг нь мэдэгдсээр байгаа хэдий ч утаанд автагдсан Монголын нийслэл Улаанбаатар хотын иргэд агаарын бохирдлоос өөрсдийгөө хамгаалахын тулд “уушгины” гэх  тодотголтой цай болон “хүчил төрөгчийн коктейль” хэрэглэж байна" хэмээн бичжээ. Гэвч нэг аяга хүчилтөрөгчийн коктейл ууснаар цэвэр агаарт хоёр цаг алхахтай тэнцэх хэмжээний хүчилтөрөгчийг авдаг хэмээн сурталчилдаг уг бүтээгдэхүүнийг хэр үр дүнтэй эсэхийг Монголын харшил судлалын нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор, профессор, харшлын эмч С.Мөнхбаярлахаас тодрууллаа.

Тэрбээр "Магадгүй хэрэглээд үр дүн өгч байгаа гэж боддог бол хэрэглэж болно. Гэхдээ үр дүн байхгүй. Гадны судлаачид манайхан хүчил төрөгчийн коктейлийг ургийн хүчилтөрөгчийн дутмагшил, агаарын бохирдлоос сэргийлэх зорилгоор хэрэглэж байгааг хараад гайхдаг юм билээ. Энэ бол ямар нэгэн байдлаар шинжлэх ухаанаар нотлогдоогүй зүйл" гэв.