Коронавирусийн халдварын нөхцөл байдал, шинжилгээний талаар УОК, ХӨСҮТ-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "“Нэг өрх-Нэг шинжилгээ”-ний хүрээнд эхний 3 хоногт нийт 109.000 хүнээс шинжилгээ авахад 6 хүнээс коронавирус илэрсэн. Тодруулбал, хоёрдугаар сарын 11-нд 2, 12-нд 2, 13-нд 2 хүнээс халдвар илэрсэн. Мөн эхний 2 өдөр бүртгэгдсэн 4 хүний ойрын хавьтал 5 хүн халдвар авсан нь батлагдсан.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 38.450 хүнд шинжилгээ хийхэд 58 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний хоёр нь дээр дурдсан “Нэг өрх-Нэг шинжилгээ”-гээр илэрсэн. Бусад 56 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхан болон давтан шинжилгээгээр батлагдсан.

Улмаар Улаанбаатар хотод нийт 1513 тохиолдол, кластер өвчлөлийн голомтод 1839, улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодын халдвар нийт 2351 тохиолдол боллоо. Тэдний 71.5 хувь буюу 1682 нь эдгэрсэн.

Сүүлийн 24 цагт 29 хүн эмчлэгдэн эдгэрч, гэртээ гарсан" хэмээлээ.