Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр хоёр улсад Covid-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, нийт 196 улс боллоо.

АНУ-д өвчлөл эрчтэй тархаж, 24 цагийн дотор шинээр 14000 хүн коронавирусийн халдвар авчээ. Тус улсад 18-35 насны залуучууд өвчний зонхилох хувийг эзэлж байна. Улмаар 60-аас дээш насны хүмүүс уг өвчнөөр өвчлөх эрсдэл их гэсэн ойлголт үгүйсгэгдэж байна. Халдвар авсан 18-аас доош насны гурван хүүхэд, нэг гэр бүлийн хүмүүс бүгдээрээ нас барсан зэрэг эмгэнэлтэй зүйл олон бүртгэгдсэн.

Биеийн байдал нь хүндэвтэр өвчтөн эмнэлэгт 6-7 долоо хоног хэвтэн эмчлүүлж буй учир Европын орнуудад орны хүрэлцээ дутагдаж байна. Иймд манай улсын иргэд анхаарлаа сарниулж болохгүй, зөвлөмжүүдийг илүү сайн мөрдөх шаардлагатайг дэлхийн тоо баримтууд харуулж байна" гэв.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "ДЭМБ-ын мэдээгээр нийт 196 оронд 375.498 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 19362 хүн нас барсан байна. 

Итали, АНУ, Испани, Герман, Франц зэрэг орнуудад хоногт 1000-10000 шинэ тохиолдол бүртгэгдэж, тархалт хурдтай нэмэгдэж байна. Италид нас баралтын хувь 10.3 болсон байна. Испанид сүүлийн гурван хоногт тохиолдлын тоо хоёр дахин ихэссэн. Италид гарсан нийт тохиолдлын 80 хувь нь хойд гурван мужид нь бүртгэгдсэн. 

БНХАУ-ын Хубэй муж өнөөдрөөс хөл хориогоо цуцалж байна. Ухань хотын хөл хориог дөрөвдүгээр сарын 08-наас цуцална. БНХАУ-д өдөрт 20.000 зорчигч олон улсын нислэгээр ирж, хоёр долоо хоногт 280.000 гаруй хүн хил нэвтэрч орж байгаа нь шинэ коронавирус зөөвөрлөгдөн орж ирэх магадлалыг нэмэгдүүлж байна. Иймд тус улсад тусгаарлагдах байрыг нэмэгдүүлэх шаардлага үүсжээ. БНХАУ дотооддоо халдварыг хязгаарласан гэж үзэн бизнесүүдийг эхлүүлсэн байна" хэмээлээ.