Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 13.659.000 хүн өвчилж, 595.000 хүн энджээ. Нийт 7.900.000 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан, 5.000.000 хүн эмнэлэгт эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 209.000 хүн коронавирусээр өвчилж, 5.000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өмнөх өдрөөс өвчлөл 7.000 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт боллоо. 24 цагийн дотор АНУ-д 60.000 Бразилид 39.000, Энэтхэгт 29.000 хүн шинээр өвчиллөө. 

Коронавирусийн халдвар маш эрчимжиж, вирусийн халдварлах чадвар нэмэгдэж байна. 

Үүнтэй холбогдуулан ДЭМБ-аас "Коронавирус нь дэлхий нийтийн номер нэг асуудал, түгээмэл нэг дайсан юм. Уг вирустэй тэмцэх ажил дэлхий дахинд маш их байна. Ялангуяа улс орнуудад хамтын эв нэгдэл, манлайлал, олон нийтийн оролцоо юу юунаас чухал. Коронавирусийн гол зорилго нь хүн олж халдварлах юм. Амны хаалт зүүхгүй, хүн хоорондын зай барихгүй, ханиадны шинж тэмдэг илэрсэн байхад гэртээ байхгүй, гадуур сэлгүүцэж, энгийн зөвлөмжүүдийг дагаж мөрдөхгүй байвал та коронавируст олзлогдоно" гэдгийн онцгойлон анхааруулсан.

ОХУ-д сүүлийн 24 цагт нийт 6.422 хүн шинээр өвчилж, 156 хүн нас барсан байна. Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 32-47 тохиолдлоор нэмэгдсэн. Тувад сүүлийн хоногт шинээр 49 хүн өвчилж, нийт өвчлөл 5.537 болсон. Халдвар эрчтэй тархсан хэвээр байна.

Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад шинээр 428 хүн хүн орж, 269 хүн ажиглалтаас гарсан. Одоо нийт 3006 хүн ажиглалтад байна. Үүнд 1-5 насны хүүхэд 186, жирэмсэн эмэгтэй 108, архаг хууч өвчтэй 318 хүн байна. Тэдэнд 43 их эмч, 76 ресидент эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна" хэмээлээ.