СУРВАЛЖИЛГА: “Шинэ Монгол”-ын 20 жилийн туршлага, ноу-хау ерөнхий боловсролын 60 сургуульд нэвтэрч эхэллээ

Д.ЭРДЭНЭТУЯА
08 сарын 24, 2023

“Хашийг эс засвал сав болохгүй
Хүнийг эс засвал эрдэм сурахгүй”
 гэсэн ардын мэргэн үг бий. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг залж, засах үүрэг хүлээсэн багшийн алба амаргүй ч шавь нарынхаа амжилтаар бахдаж, бахархахыг нь харах юутай гэгээн, сэтгэл хөдлөм юм бэ. Тайзан дээр "Манай сургуулийн тэд дэх үеийн төгсөгч" хэмээн бахархан, амжилттай яваа төгсөгчдийнхөө өмнөөс баярлаж, сэтгэл дүүрэн "дүүлэн" буй нь мэдрэгдэх, “Шинэ Монгол” сургуулийн Галаа багшийг монголчууд андахгүй мэдэх биз ээ. 

Арваад жилийн өмнө “Гурван сая хүн дотор 10 мянган торгон цэрэг бэлдээд өгчих юмсан” хэмээн мөрөөдөж, ярьж явсан энэ эрхэм хүмүүн зорьсондоо хүрч, олон аав, ээжийн охид, хөвгүүдийг хүний дайтай амьдрахад нь тусалж, “гарыг нь ганзагад, хөлийг нь дөрөөнд хүргэж буй ачтан” гээд хэлчихвэл үнэнээс хол зөрөхгүй билээ. 

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч, “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч, Боловсрол судлалын доктор /PH.D/ Ж.Галбадрах 2020 онд “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийг анх төрийн өмчийн найман сургуульд хэрэгжүүлжээ. 

Тодруулбал, тэрбээр “Шинэ Монгол”-ын менежментийн "Соёл төлөвшил", "Багш нарыг багт нэгтгэх", "Ажлын байран дээрх багшийн хөгжил", "Эцэг эх, олон нийттэй хамтран ажиллах", "Сургалтын цогц хөтөлбөр", "Хичээлээс гадуурх үйл ажиллагаа", "Шалгалт, үнэлгээ", "Төгсөгчдийн эргэх холбоо" гэсэн найман брэнд туршлагыг Монгол Улсын ерөнхий боловсролын найман сургуульд амжилттай нэвтрүүлжээ. 

Төслийг хэрэгжүүлэх явцад сурагчдын бодит байдлыг судлах, сургууль бүр алсын хараагаа тодорхойлж, түүнийхээ дагуу төлөвлөгөөгөө гаргах гэсэн уялдаа холбоотойгоор ажилласан байна. 

“Дэлхийн дэвжээнд өрсөлдөх Монгол сургууль, дэлхийн боловсролыг эзэмших Монгол иргэн” бий болгож, улс эх орныхоо, цаашилбал дэлхий нийтийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах нь “Шинэ Монгол”-ынхны чин хүсэл аж. Галаа багш хувийн сургуульдаа 20 жилийн турш хуримтлуулсан туршлага, менежмент, ноу-хаугаа төрийн өмчийн 60 сургуульд нэвтрүүлэхээр зориг шулууджээ. 

“Шинэ Монгол” сургуулийн судалгааны төвөөс санаачлан хэрэгжүүлж буй төрийн өмчийн 60 сургуулийн менежментийг сайжруулах төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнгөрсөн Лхагва гариг (2023.08.23)-т “Их наяд плаза”-д болж, манай PEAK.MN сайтын сурвалжлах баг сурвалжиллаа. 

Төрийн өмчийн сургуулиудын менежментийг сайжруулах төслийн хоёрдугаар шатад нийт 180 гаруй сургууль хүсэлт ирүүлснээс төслийн багаас хоёр үе шаттайгаар сонгон шалгаруулалт явуулж, аймаг, сум, нийслэлийн 60 сургуулийг сонгон авч, батламжийг нь гардуулан өгсөн юм.

Энэхүү ёслолын арга хэмжээнд “Шинэ Монгол” сургуулийн авьяаслаг төгсөгчид ая дуу, бүжиг, хөгжмийн мялаалга өргөн, мэндчилгээ дэвшүүлж, багш нарт урам зориг өгч, амжилт хүссэн юм.

ТӨРИЙН ӨМЧИЙН 60 СУРГУУЛИЙГ 36 ДОЛОО ХОНОГ ДАГУУЛАН СУРГАЖ, 
МЕНЕЖМЕНТИЙН НОУ-ХАУ ТУРШЛАГУУДЫГ НЭВТРҮҮЛНЭ

Төслийн хүрээнд “Шинэ Монгол” сургуулийн 20 жилийн турш бий болгосон менежментийн туршлага, ноу-хау шингэсэн 10 брэндээс дөрвийг нь шалгарсан сургуулиудын багш, төлөөлөлд цахимаар 36 долоо хоног зааж, сургах ажээ.

Улсын болон хувийн сургуулийн хооронд их ялгаа бий. Энэхүү хоёр дахь төслийн хүрээнд арга техник, менежмент, туршлага дээр тулгуурлан төрийн өмчийн сургуулиудын менежментийг сайжруулах юм байна. Манай сурвалжлах баг ёслолд оролцож буй захирал, багш нарын төлөөллийн сэтгэгдлээс хуваалцлаа. 

“СУРГУУЛЬ ГЭДЭГ ДҮРЭЛЗЭЖ БАЙДАГ БАМБАР БАЙХ ЁСТОЙ”

Монгол Улсын гавьяат багш Ж.ГАЛБАДРАХ: 

-Бид бүхэн Монгол орны хөгжлийн төлөө, томоор хэлбэл тусгаар тогтнолын төлөө явж байна. Улс орны хөгжлийн үндэс бол боловсрол байдаг. Тухайн улс орныг устгая гэвэл боловсролыг нь үнэгүйдүүлэх, улс орныг хөгжүүлье гэвэл боловсролоо чанартай болгож, дээдлэх юм. Үүнийг олон олон улсын жишээнээс харж болно. Бид нийт боловсролын 92 хувь нь хамрагдаж байдаг ерөнхий боловсролын сургуулиудын суурь боловсрол, сургалтын чанарыг дээшлүүлэх маш том зорилт бий. Үүний тулд боловсролын бүх зүйл менежмент дээр зангилагдаж байдаг учраас менежментээс эхэлье гээд 60 сургууль сонгосон. 

“Шинэ Монгол” сургуулийн дэргэдэх сургуулийн судалгаа хөгжлийн “Шинэ Монгол төв" гэж төрийн бус байгууллага бий. Энэ ТББ-аас төрийн өмчийн сургуулиудын менежментийг сайжруулах хоёрдугаар үе шатыг эхлүүлж байна. Төслийн хоёрдугаар үе шатад 60 сургууль хамрагдсан. Шалгарсан сургуулиудын хувьд аймаг, сум, хотын сургуулиуд бий. 36 долоо хоногийн турш эдгээр сургуулиудыг дагуулан сургах маягаар менежментийн ноу-хау туршлагуудыг нэвтрүүлнэ. 

Хоёрдугаар шатад хамрагдахаар хүсэлт гаргасан 180 гаруй сургуулиас 60-ыг нь шалгаруулсан. Шалгаруулалт хоёр үе шаттай явагдсан. Эхний ээлжид менежментээ сайжруулах хүсэлтэй сургуулийн бодит байдал, менежментээ яагаад сайжруулах шаардлагатайг анкетын судалгаагаар авч, 120 сургуулийг үлдээж байгаад, аман ярилцлага авсан. Үнэхээр чин хүсэлтэй нь сургалтад хамрагдаад явж чадах сургууль байгаа эсэхийг үзэж, 60-ыг нь шалгаруулсан.  

Ер нь хөдөө орон нутгийн сургуулиуд их хамрагдсан. Нийслэлийн сургуулиуд гайгүй хамрагдах болов уу гэж хүлээж байсан ч нийслэлээс тийм ч их сургууль оролцоогүй. Уг нь дөрвөн бүсэд 80 сургууль хамруулахыг зорьж байсан. Харин одоо гурван бүсэд 60 сургууль хамруулаад байна.

Менежментэд бүх юм зангидагддаг. Үүнд хөтөлбөр, үнэлгээ, багшийн хөгжил зэрэг сургалтын бүх зүйл багтана. Манай сургуулиуд өдөр тутмын зургаа, долоон цагийн хичээлээ хоёр, гурван ээлждээ оруулж, сургалт хичээлийг яаж заах вэ гэдэгтээ анхаарахгүй байна. 

Сургууль гэдэг зөвхөн хүүхдэд мэдлэг олгож дүүргэх ёстой сав биш. Дүрэлзэж байх бамбар байх ёстой. Тэрийг асаахын тулд хичээлээс гадуурх үйл ажиллагаа шаардлагатай. Өөрөөр хэлбэл, дугуйланг яаж оновчтой зохион байгуулж явуулах вэ гэдэг менежмент. 

Мөн зүрх сэтгэлийн боловсролыг Монголын сургуулиуд орхиод байна. Эцэг, эхчүүд сургуульд 100 хувь найддаг болчихсон. Сургууль дээр л арга хэмжээнүүд явагдахгүй бол хүүхдийг өв тэгш хүмүүжүүлнэ гэж байхгүй. Манай төслийн гол зорилго нь хичээл сургалтын өдөр тутмын цагаас илүүтэй хичээлээс гадуурх ажлууд болон зүрх сэтгэлийн боловсрол руу нэлээд чиглэж байгаа. Шинэ Монгол сургуулийн арван брэнд байдаг. Түүнээс дөрвөн брэндийг нь эдгээр сургуулиудад олгохоор 36 долоо хоногийн турш багш нарыг багт нэгтгэж ажиллах, багшийг ажлын байранд нь хөгжүүлэх, сургуулийн соёл, зүрх сэтгэлийн боловсрол гэсэн сургалт орно. Төслийн анхны сургалт танхимаар явагдсан.


"ГАЛАА ЗАХИРАЛ "БИ ХУВИЙН СУРГУУЛЬД ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛӨӨ ТӨРИЙН СУРГУУЛЬД НЭВТРҮҮЛЖ ХАРУУЛМААР БАЙНА ГЭСЭН"

Боловсролын ерөнхий газрын дарга Т.НЯМ-ОЧИР:

-Боловсролын салбарт менежментийн өөрчлөлт хэрэгтэй болж, сургуулиуд дээр судалгаа хийж, Галаа захирлын “Шинэ Монгол” сургууль дээр ирсэн. Аль хэдийнэ төслөө эхлүүлчихсэн. Сургуулийн менежментийн номыг орчуулаад гаргачихсан. Төрийн хийх ёстой ажлыг биднээс хэд алхмын өмнө хийж хэрэгжүүлээд эхэлчихсэн байсан. 2022 оны зургадугаар сараас эхлэн Монгол Улсын Боловсролын их сургууль дээр очиж уулзсан. Менежментийн чиглэлээр хэрэгжүүлж буй баахан төслийн мэдээллийг сонссон. Хөрсөн дээр буудаггүй. Хоёр жил хэрэгжсэн сайхан төсөл байна. Гурав дөрвөн жил хэрэгжсэн сайхан төсөл байна. Нэг л хөрсөн дээр буудаггүй. 

Галаа захирал эхний найман сургууль дээр төслөө хэрэгжүүлж ажилласан. Захирлуудын нүд нь сэргэчихсэн, хийж буй ажлууд нь цэгцтэй, соёл нэвтэрсэн, хаанаас нь асуусан ч ажлаа хэлж мэддэг болсон. Энэ нь хүүхэд дээрээ буугаад, бодлого чиглэл болон хэрэгжсэн. Тийм учраас сайд наймаа 80 болгооч ээ гэсэн санал хэлж байсан. Галаа захирал 60 насныхаа ой дээр би хувийн сургуульд хэрэгжүүлсэн төслөө төрийн сургуульд нэвтрүүлж харуулмаар байна гэж хэлсэн. Ингээд ажил хэрэг болгоод, үр дүнд хүргэсэн нь бахархалтай байна. Хөгжлийн төлөө 60 сургууль сонгогдож, 2023-2024 оны хооронд амжилттай үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэлтэй байна. 


"СУРГУУЛИЙН УДИРДЛАГА, БАГШ НАР БҮХ ХҮҮХДҮҮДЭЭ ХИЧЭЭЛДЭЭ ИРЭХЭД НЬ УГТАН АВЧ, МЭНДЧИЛДЭГ СОЁЛЫГ ХЭВШҮҮЛСЭН"

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хоёрдугаар 10 жилийн сургуулийн захирал С.БАТЧУЛУУН: 

-2020 онд Галаа багшийн маань төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийн төслөө эхлүүлэх анхны санал асуулга явагдахад, улсын хэмжээнд 120 гаруй сургууль хүсэлтээ ирүүлснээс найман сургуулийг сонгож байсан. Анх төсөлд хамрагдахад, ковидын үе таараад, маш олон хүндрэл бэрхшээл гарч байсан ч бид онлайнаар тасралтгүй суралцсан. Төслийн багийнхныхаа заасан болгоныг ажил, амьдрал дээрээ хэрэгжүүлэх гэж маш ихээр оролдсон. 

Нуугаад байх юм байхгүй, анх төсөл эхэлж байхад хамт олны зарим нь сонирхож, зарим нь тээршааж, зарим нь за яах вэ захирлын төсөл гэх нь холгүй байсан. Бид тууштай ажилласны үр дүнд манай сургууль эрс өөрчлөгдсөн гэдгийг хэлэхэд таатай байна. Одоо манай сургуулийн хамт олон аливаа асуудлыг бүгдээрээ хэлэлцдэг. Гаргалгаа гаргадаг. Багаар хамтарч ажиллаж чаддаг. Бие биенээ ойлгож, хамгийн гол нь бие биенээ хүндэлдэг болсон. 

Мөн сургуулийн соёл, тэр дундаа мэндлэх хүндлэх соёл дээр манай сургууль аймагтаа сүүлийн гурван жилд танигдаж байна. Хэдийгээр энэ гурван жилийн хугацаанд маш олон зүйл байгаа ч гэсэн маш сайн ойлгож авсан зүйлээ та бүхэнд хэлье гэж бодож байна. Түүний нэг нь сургуулийн соёл. Манай сургуулийн хамт олон сүүлийн гурван жил сургуулийн удирдлага, багш нар бүх хүүхдүүдээ хичээлдээ ирэхэд нь угтаж авч мэндчилдэг соёлыг сургуульдаа хэвшүүлсэн. Ялангуяа өдөр бүр захирал миний бие бүх хүүхдүүдтэйгээ мэндэлдэг. Энэ бол манай сургуулийн соёл. Энэ соёлыг сургуульдаа нутагшуулсан. 

Үүний үр дүнд хүүхдүүд багшийгаа хүндэлдэг юм байна, багшдаа итгэдэг юм байна. Багшаа хүндлээд ирэхээр хүүхэд багшийнхаа үгийг маш сайн хүлээж авдаг юм байна. Багшийнхаа өгсөн гэрийн даалгаврыг маш сайн хийж ирдэг юм байна. Энэ бүхэнд сургуулийн ахиц, сурлагын чанараас эхлээд бүх юманд нөлөөлдөг юм байна гэдгийг ойлгож авсан. 


“ТӨСӨЛД ХАМРАГДАЖ БУЙ 60 СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, БАГШ НАРАА 
ДЭМЖИЖ АЖИЛЛАНА”

“Шинэ Монгол” сургуулийн захирал Н.ӨЛЗИЙСАЙХАН:

-Түүх ярья. 1997 онд Боловсролын их сургуулийн оюутан болоод, багш нар онолыг тултал заадаг байсан. Хоёр жил дадлага хийгээд, улсын сургуульд багш болсон. Дараа нь сургуулийнхаа менежер болсон. Хичээлийн хуваарь мэдэхгүй, багш нартаа яаж зөвлөгөө өгч, чиглүүлдгийг мэддэггүй. Багш бүр өөр өөр хуваарь хийгээд, сургуулийн хичээлийн бодлого бүгд өөр өөр учраас хөгжил нь бас өөр өөр. Өнгөрсөн жилээс “Шинэ Монгол” сургуулийн захирал болсон. 

Захиарл болсон амар байна. Яагаад гэхээр Галаа багш хажууд байна. Багш нарынхаа хурал дээр үг хэлээд, буцаад суусан ч хажууд ирээд “Чи сая энэ дээр ингэж хэллээ. Энэ чинь ийм утгатай шүү” гэж өөрчлөн хэлээд өгөх хүн байгаа юм. Харин бусад сургуулиудын захирлуудын хувд яг ийм байж чадаж байгаа юу, үгүй юу. Бас л миний менежер болсон шиг өдөр болгон асуудлыг яг өөрийнхөөрөө шийдээд, явж байгаа учраас сургууль болгон өөр өөр менежмент, өөр өөр хөгжөөд байгаа юм. Мэдээж удирдлагын академи дүүргэсэн. Гэхдээ ийм сургуулиудад практикт суурилсан арга барил одоохондоо байхгүй байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд үргэлж тусалж дэмжиж ажиллана. 

“МЕНЕЖМЕНТЭЭ САЙЖРУУЛАХ НЬ СУРГУУЛИЙН ХҮҮХЭД БАГАЧУУДАД ТОМ ТУС БОЛНО”

Баянхонгор аймгийн 50 дугаар сургуулийн захирал Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:

-“Шинэ Монгол” төрийн бус байгууллагаас өнгөрсөн хавар ерөнхий боловсролын сургуулиудын менежментийг сайжруулах чиглэлээр төслийн танилцуулга хийсэн. Үүнд шалгарахын тулд шаардлагатай мэдээллүүдийг өгч, 60 сургуулийн нэг болж сонгогдсондоо сэтгэгдэл өндөр байна. 

Боловсролын шинэчлэл нэлээд хийгдэж байна. Үүнтэй холбоотойгоор сургуулийн менежмент гэдэг зүйл их яригдах болсон. Үүний үр дүнд менежментээ сайжруулж байгаа нь сургуулийн хүүхэд багачуудад том тус болно гэж бодож байна.

Ийнхүү “Шинэ Монгол” сургуулийн дэргэдэх сургуулийн судалгаа хөгжлийн “Шинэ Монгол төв"-өөс санаачлан хэрэгжүүлж буй төрийн өмчийн 60 сургуулийн менежментийг сайжруулах төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм. 

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.