Японы Хүүхдийг Ивээх Сан ба Дэлхийн Банк 2.75 сая ам. долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх Монгол улсын хөдөө орон нутгийн эмзэг залуучуудыг дэмжих төслийг эхлүүлж байгаагаа өнөөдөр зарлалаа. 

Нийгмийн Хөгжлийг дэмжих Япон Сангаар дамжуулан Японы засгийн газрын санхүүжүүлж, Дэлхийн Банкны удирдах энэ төсөл нь хөдөөгийн эмзэг бүлгийн орон нутгийн залуучуудад сургууль ба хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадвар, чадамжийг эзэмшихэд нь туслах юм.

Монгол Улсад боловсролын түвшин нэмэгдсэн ч сургуулиас завсардсан буюу завсардах эрсдэлтэй хөдөө орон нутгийн эмзэг залуучууд хөдөлмөрийн зах зээлд ороход бэрхшээлтэй тулгарсан хэвээр байна. Энэ нь ажлын байр хомс, түүнчлэн ажил мэргэжлийн хувьд өсөн дэвших, хувиараа хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн болон нийгэм сэтгэл зүйн ур чадваргүйгээс шалтгаалдаг. Нийгэм- сэтгэл зүйн ур чадварт өөрийгөө удирдах, зорилгоо тодорхойлж чиглүүлэх, хувь хүний хариуцлага, шийдвэр гаргах чадвар зэрэг багтана. Төсөл нь энтрепренершип буюу бизнес эрхлэх ур чадварыг хөгжүүлэх, залуучууд болон тэдний ирээдүйн хөдөлмөрийн зах зээл, ажил олгох салбар хоорондын уялдаа холбоог илүү сайжруулахад чиглэсэн сургуульд суурилсан, олон нутгийн санаачилгад тулгуурласан хөтөлбөрөөр дамжуулан хөдөөгийн залуучуудад зориулан явуулах сургалтын чанар, хамаарлыг сайжруулах замаар дээр дурдсан асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлнэ.

 

Дэлхийн Банкны Монгол Улс Хариуцсан Менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев “Сургалт явуулж, танхимд сурсан зүйлээ дадлага хийх боломжийг олгосноор төсөл нь хөдөө орон нутгийн залуучуудын сурлагын амжилтыг дээшлүүлж, тэднийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх замаар ирээдийн ажил мэргэжлийн өсөн дэвших боломжийг сайжруулахад туслах юм” гэв.

 

Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Японы Хүүхдийг Ивээх Сан нь Монгол Улсын таван аймгийн хамгийн ядуу 25 суманд сургуульд суралцаж буй болон сургуулиас завсардсан 6000-аас доошгүй хөдөөгийн залуучуудад зориулан энэхүү төслийг хэрэгжүүлэх юм. Түүнчлэн сургалтанд хамрагдаж төгссөн залуучуудад бага хэмжээний тэтгэлэг олгохоор болсон нь орон нутгийн бизнесийн боломж, олон нийтийн хэрэгцээг уялдуулах замаар сурсан ур чадвараа амьдрал практикт ашиглах боломжийг олгоно. Цаашилбал тус төсөл нь нотолгоонд суурилсан нөлөөлөл, олон нийтийн мэдээлэл, сурталчилгааны кампанит ажил явуулах замаар энтрепренершип ур чадвар олгох боловсролыг дэмжсэн бодлогын орчинг бэхжүүлэхэд тусална