Улсын онцгой комисс хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар Засгийн газрын 139-р тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна.

Уг тогтоолд өөрчлөлт оруулснаар сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх нөхцөл бүрдэх юм. 

Нийтдээ 1,088 сургалтын төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ажлын байр болон эдийн засгийг дэмжих зорилгоор Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж өгч шат дараатай нээх ажээ.

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар сургалтын 1088 төвийн үйл ажиллагааг шат дараатай нээх боломжтой хэмээн шийдвэрлэлээ.

Сургалтын төвүүдэд ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийн дагуу дараах шаардлагыг тавих бөгөөд биелэлтийг иргэд болон мэргэжлийн хяналтын байцаагчид хянах юм. Үүнд:

  • Биеийн халуун үзэх
  • Амны хаалт зүүх
  • Аль болох цахим сургалт хийх
  • Ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах
  • Нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх
  • Анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байрлуулах
  • 2 цаг тутамд агаар сэлгэх
  • Ном, дэвтэр, бал, плаш зэрэг зүйлсийг дамжуулж хэрэглэхгүй байх
  • Сандал, ширээ, самбар, номын шүүгээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутамд цэвэрлэх
  • Анги танхимд хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй байх
  • Ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ, агаар сэлгэлт хийх
  • Хүн хоорондын зай 1-1.5 метр байх
  • Анги танхимд хооллохгүй байх
  • Урьдчилан сэргийлэх санамж зөвлөмжийг ил тод байршуулах
  • Ариун цэврийн өрөөнд гарын саван байршуулах
  • Курс, дамжаа, сургалтын төвүүд тухайн мэргэжлийн онцлогт тохирсон зөвлөмж хэрэгжүүлэх /үсчин, гоо сайхан, хөгжим, тогооч, оёдол гэх мэт/