Сурагчдын дунд зохиогддог 10 сая төгрөгийн шагналын сантай уралдаан эхэллээ

Монголын сурагчдын дунд зохиогддог хамгийн өндөр шагналын сантай уралдаан зарлагдлаа. 

“Мөнхийн үсэг” хэвлэлийн компаниас жил бүр зохион байгуулдаг “Эртний сургаалаас суралцъя” уралдаан энэ жил долоо дахь удаагаа болж байгаа бөгөөд 10 сая төгрөгийн шагналын сантай энэ удаагийн уралдаан “Чингис хааны билиг сургаал” сэдвээр болж байна. 

Уралдааны удирдамж ёсоор ерөнхий боловсролын сургуулийн 7-12 дугаар ангийн сурагчид юуны түрүүнд эсээ бичин зохион байгуулагчдад илгээх бөгөөд эсээ бичихдээ ашиглах хэрэглэгдэхүүн нь Ардын багш Ш.Чоймаа тэргүүтэй эрдэмтдийн эмхэтгэсэн “Чингис хааны билиг сургаал” ном байх юм. Улмаар хот, хөдөөгийн хүүхдүүдээс ирсэн эсээнүүдээс шилдэг 50-ийг шалгаруулснаар уралдааны хоёрдугаар шат эхэлнэ. 

Монголын түүх, соёл, хэл шинжлэлийн нэртэй эрдэмтдийн шүүн тунгаах уг уралдаан нийт гурван шат үргэлжлэх бөгөөд төгсгөлийн шатны өрсөлдөөнийг Монголын Үндэсний телевиз цуврал нэвтрүүлэг болгон үзэгчдэд хүргэдэг уламжлалтай. Уралдааны эцсийн шатны шалгаруулалт Улаанбаатар хотод Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийн босгон дээр болно. 

Уралдаанд түрүүлсэн хүүхэд 2 сая, дэд байрын эзэн 1 сая, гуравдугаар байрын эзэн 600 мянган төгрөгийн шагнал хүртэх төдийгүй шилдгээр шалгарсан 50 хүүхдийг бүгдийг урамшуулахаар зохион байгуулагчид нь төлөвлөсөн байна. Мөн хүүхдүүдээ сайн зохион байгуулж оролцуулсан нэг багшийг 1 сая төгрөгөөр шагнах ажээ. 

Өнгөрсөн жилүүдэд зургаан удаа зохиогдсон энэхүү уралдаанд сурагчид идэвхтэй оролцдог бөгөөд 2023 онд болсон уралдаанд хот, хөдөөгийн 3000 гаруй хүүхэд материалаа ирүүлж байжээ.



Холбоотой сэдвүүд

ном тэмцээн эсээ

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.