Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй, аюултай хэлбэрүүдийг үр дүнтэй хориглох, улмаар устгах, хүүхдийн хийж болох ажлыг оновчтой тодорхойлж давуу талыг нийгэмд ашигтайгаар зохицуулахын тулд Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгааг өнгөрсөн онд Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийжээ.

Судалгааны хүрээнд авсан цахим асуулгад ажил, хөдөлмөр эрхэлдэг болон эрхэлдэггүй нийт 1,191 хүүхэд оролцсон байна.

Хүүхдүүд судалгаанд,

-тогтмол гэрийн ажил хийдэг гэж 672 хүүхэд хариулсны 59 хувь нь өмнө дурдсан насандаа тохирсон цагаар гэрийн ажил, өрхийн үйлдвэрлэлд оролцож байгаа бол үлдсэн 41 хувь нь зөвшөөрсөн хэмжээнээс илүүдэн давсан олон цагийг гэрийн ажилд зарцуулж сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх боломжоо алдсан гэж хариулсан байна.

Хүүхдийн ажил, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдлыг авч үзвэл хөдөлмөрт өртөх эрсдэлтэй хүүхдүүд үндсэндээ ядуу амьдралтай айлын хүүхдүүд байх бөгөөд ядуурлаас шалтгаалсан архидалт, салалт, орон гэргүй тэнүүчлэл зэргээс шалтгаалж хөдөлмөр эрхлэх нь нийтлэг байна. 

Хүүхдийн эрхэлж болох хөнгөн ажлын хэлбэрүүдийг зохимжтой байдлаар тодорхойлох нь ч энэ ажлын үр дүнд эерэг нөлөө үзүүлнэ. Хүүхдээр ажил, хөдөлмөр эрхлүүлэх нь ирээдүйд илүү сайхан амьдрах боломжийг нь хязгаарлаж, сурлагаар хоцрогдох, нийгмийн амьдралаас тусгаарлагдах эрсдэлтэй тул зөвхөн ажиллах чиг баримжаа олгох зорилгоор хүүхдийг ажиллуулах нь зүйтэй гэдгийг судлаач Г.Түвшинжаргал хэллээ.

Ялангуяа хурдан морь унаач хүүхдийн хийж байгаа ажил, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн хөдөлмөрийн аюултай, цаашилбал тэвчишгүй хэлбэрийг ч агуулж байгаа бөгөөд долоон нас хүрсэн хүүхэд хурдан морь унах боломжтой байгаа нь Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлж байгаа эсэхэд эргэлзэх үндэслэл болж байна.

Энэ талаар Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн эсрэг үндэсний сүлжээний зохицуулагч Ц.Баттуяа “Монгол хүүхдүүд Өвөр Монголд хурдан морь унахаар явцгаадаг болсон. Бид өөрийн улс орондоо хурдан морь унах зэрэг аюултай хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалж чадахгүй байхад хүний нутагт очсон тэд маань хайрлуулж байгаа нь юу л бол. Өвлийн уралдаанд хүүхдүүдээр морь унуулахгүй бол морины соёл устана, унаач хүүхдүүд гадагш гарна гэж зарим хүн хэлдэг ч томчууд зуучлахгүй л бол эцэг эх, ар гэрээ орхиод хүүхдүүд яаж гадаад руу явах вэ дээ” хэмээн ярьсан байдаг

Иймд хурдан морь унаач хүүхдийн асуудлаар сонирхогч талууд зөвшилцөн нэгдсэн байр суурьд хүрч, тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгараад байна.

Capture-3.PNG4.PNG

Мөн хэт олон цагаар эсвэл олон өдрөөр ажиллах, ажлын байранд хийх ажил болон гүйцэтгэх нөхцөл тодорхойгүй байх, цалингүй эсвэл бага цалинтай ажиллах, цалингаа үндэслэлгүй хасуулах, цалин хөлсөө эцэг, эх, асран хамгаалагч болон зуучлагч зэрэг бусад этгээдэд суутгуулах эсвэл шууд өгөх, нийгмийн хамгаалалд хамрагдах боломжгүй байх, боловсролын үйлчилгээнд хамрагдахгүй, нийгмийн амьдралаас тусгаарлагдсан нөхцөлд ажил, хөдөлмөр эрхлэх зэрэг боолчлолын шинжтэй нөхцөлүүд хүүхдийн хөдөлмөрийн харилцаанд тулгарах нь элбэг байна.

Хэдийгээр маш нийтлэг гэж үзэхээргүй боловч охид садар самуун, биеэ үнэлэлтэд уруу татагдах, бэлгийн мөлжлөгөд өртөх, эрт жирэмслэх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх нь хангагдахгүй байх, бэлгийн хүчирхийлэлд өртөх, гэмт хэрэгт хохирох тохиолдол цөөнгүй байгаа аж.

Хөвгүүдийн хувьд архидалт, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, яллагдах, шийтгүүлэх, ажил, хөдөлмөр хийх явцдаа гэмтэж бэртэх, хүнд гэмтэл авах, хүнд, хортой нөхцөлд ажиллаж эрүүл мэнд, ёс суртахуунаараа хохирох нь тулгамдсан асуудал болоод байна. 

Монгол Улс олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн хүүхдийн хөдөлмөрийг хориглох, устгах үүрэг, амлалтуудаа бүрэн биелүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчинг бүрдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тогтолцоо, үйл ажиллагааг сайжруулах, хүүхдийн хөдөлмөрийг устгахад чиглэсэн тусгайлсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх зайлгүй шаардлагатай байгаа юм.