СТОКХОЛМ. /TASS/. Шведийн хаан Карл XVI Густав хаан өнгөрсөн мягмар гарагт Стокхолмын филармонид анагаах ухаан, физик, хими, уран зохиол болон эдийн засгийн салбарт хүн төрөлхтний хувьд чухал нээлт хийсэн эрдэмтдэд дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Нобелийн шагналыг гардуулжээ. Нобелийн шагналд тодорсон 14 хүн диплом болон алтан медаль гардан авсан байна.


Нобелийн сангийн дарга Карл-Хенрик Хелдин шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээн үг хэлэх үеэрээ шинжлэн ухааны аргуудыг хамгаалахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.


“Альфред Нобель шинжлэх ухааны судалгааны ач холбогдолд бат итгэдэг байсан бөгөөд зөвхөн бодит байдлыг үндэслэн дэлхий дахин бодитой ахиц дэвшилд хүрэх боломжтой гэж үздэг байжээ. Харамсалтай нь түүний энэ өөдрөг үзэл өнөөдөр дэлхий дахинд эргэлзээ төрүүлж байна. Улс төрчид бодит байдлыг яаж няцааж байгааг бид харж байна” хэмээн тэрбээр ярьжээ.

 

Нобелийн шагналтнууд

Энэ оны физиологи-анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эздээр Америкийн эрдэмтэн Уильям Келин, Грегг Семенца, Их Британийн эрдэмтэн Петер Ратклифф нар тодорсон юм. Тэд амьд эд эсүүд бие махбодын хүчилтөрөгчийн түвшин өөрчлөгдөх үед хэрхэн хариу үйлдэл үзүүлдгийг нээснийхээ төлөө уг нэр хүндтэй шагналыг хүртжээ.



Физикийн салбарт АНУ-ын судлаач Жеймс Пиблз “сансрын физикийн судлалд хийсэн онолын нээлтүүд”-ээрээ, Швейцарын эрдэмтэд болох Дидье Кело, Мишель Майор нар  “нартай төстэй оддын тойрог замаас” нарны аймгийн гадна орших анхны гарагийг /51 Пегаса b/ олж илрүүлснийхээ төлөө энэхүү нэр хүндтэй шагналын эзэд болсон юм. 



Америкийн эрдэмтэн Жон Гуденоф, Их Британийн эрдэмтэн Стэнлий Уиттинхэм, Японы эрдэмтэн Акира Ёшино нар “лити-ион цэнэг хураагуур бүтээснийхээ төлөө” энэ оны химийн салбарын Нобелийн шагнал авжээ. 


Энэ удаагийн Нобелийн долоо хоног утга зохиолын салбарт хоёр шагналтны нэр тодорсноороо онцлог юм. 2018 оны Нобелийн шагналыг Польшийн яруу найрагч Ольга Токарчукт, 2019 оныхыг Австрийн зохиолч Петер Хандкед олгосон юм. “Токарчук “бүхнийг багтаасан хүсэл тэмүүллээр амьдралын хэлбэрийн хил хязгаарыг хэрхэн давахыг дүрсэлдэг утгачилсан дүрслэлээрээ, харин Хандке “хүний оршихуйн зах хязгаар болон өвөрмөц онцлогийг судалдаг ажилд нөлөөлснийхөө” төлөө энэхүү шагналыг хүртжээ. 




Үүнээс гадна эдийн засгийн салбарт Энэтхэг гаралтай АНУ-ын судлаач Абхижит Банержи, Францын судлаач Эстер Дюфло, АНУ-ын эрдэмтэн Майкл Кремер нар “дэлхийн ядуурлыг бууруулах үр дүнтэй арга замыг нээснийхээ төлөө” Нобелийн шагналтан болсон юм.  



Эх сурвалж: Монцамэ агентлаг