С.Мөнхбат аварга Өмнөговийн залуустай уулзаж, илтгэл тавилаа

Монгол Улсын аварга С.Мөнхбат 2019 онд үүсгэн байгуулсан “Бор аварга сан”-гийнхаа хүрээнд үндэсний өв соёл, ёс уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, ирээдүй хойч үеэ сурган хүмүүжүүлэх чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Түүний дэвшүүлж буй гол үзэл санаа нь Монгол хүний үнэт зүйлийг төлөвшүүлэх, мөрөөдөл, зорилготой, нийгэмд баялаг бүтээгч иргэнийг бий болгоход чиглэж буй. Энэ хүрээнд “Эзэн байя”, “Монгол мөрөөдөл” зэрэг нөлөөллийн лекц, сургалт, уулзалтуудыг орон даяар зохион байгуулсаар иржээ. Өнөөдрийн байдлаар тус сангийн үйл ажиллагаанд 30 мянга гаруй иргэн, малчид, хүүхэд, залуус хамрагдаад байгаа аж.

Тэгвэл тэрбээр өнөөдөр /2026.03.19/ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчдийн урилгаар тус аймагт ажиллаж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай уулзан  мөрөөдөл, зорилгын тухай лекцээ хүргэлээ.

Зураг
Тайлбар






Энэ үеэр өсвөр үеийнхний хувь хүний хөгжил, хандлага, зөв дадал төлөвшүүлэхийн ач холбогдлыг тайлбарлаж, мөрөөдөл, зорилгоо тодорхойлох, түүндээ хүрэхийн төлөө тууштай байхад чиглэсэн зөвлөгөө өгч, тэдэнд урам зориг хайрласан юм.

Монгол Улсын 20 дахь аварга С.Мөнхбат: 

Өнөөдөр дээд боловсролтой ч хар ажил хийж байгаа хүн олон болжээ. Эдгээрийн ихэнх нь зорилгоо зөв тодорхойлж чадаагүй, өөрийгөө олж бүрэн таниагүй хүмүүс байх нь бий. 

Сүүлийн үеийн хүүхдүүд өөрийгөө таньж мэдэх, мөрөөдөх гэдэг ойлголтыг бүрэн ухаж ойлгож чадахгүй байх шиг санагддаг. 

Үүний шалтгаан нь гар утас. Хүүхдүүд өөрийгөө таньж ойлгож, өөртэйгээ ярилцах тэр цагаа тоглоом тоглож, дэлгэц ширтэж өнгөрөөж байна. Мөрөөдөлгүйгээр зорилго гэж байхгүй. Зорилгогүйгээр сайн дадалтай, сайн хүн болж төлөвшиж чадахгүй шүү дээ. Тиймээс яг энэ чиглэлээр хүүхдүүдтэй илэн далангүй ярилцаад явж байна гэлээ. 

Үйл ажиллагаанд сурагчдаас гадна багш, эцэг эх, иргэдийн төлөөлөл оролцсон бөгөөд орон нутагт чиглэсэн ийм төрлийн сургалт, уулзалтыг цаашид ч мөн тогтмол зохион байгуулах шаардлагатай байгааг оролцогчид онцолж байв.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.