Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахалтай тэмцэхэд эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, хэрэгслийг олгох болж байгаатай холбогдуулан Швейцарын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Ерөнхий консул, доктор Стефани Бурриг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүлээн авч уулзав.

 
Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд эхний ээлжинд 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Swiss Air авиа компанийн Т-752-751 агаарын хөлгөөр амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт тээвэрлэн авчирч хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.

Сайд С.Энхболд коронавируст халдварын нөхцөл байдлын талаар товч танилцуулж, халдварын тархалт тууштай буурахгүй байгаа хүнд цаг үед эмнэлгийн тусламж үйлчилгээнд учирч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг болгож Швейцарийн Холбооны Улсаас нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг олгох болсонд Эрүүл мэндийн сайдын хувиар болоод хувиасаа чин сэтгэлийн талархлаа илэрхийллээ.