Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын Төрийн дээд цол, одон медаль хүртээв.

Төрийн дээд цол, одон медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Монгол Улсын Ардын багш

Дээд боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, Үндэсний болон эх спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж Үндэсний бөхийн Монгол Улсын Арслан, Монгол Улсын гавьяат багш, Монголын анхны нийгмийн хамгааллын багш нарын нэг Лувсанчимэдийн Сосорбарамд Ардын багш цол хүртээлээ.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор “Петрокоал” компанийн нүүрсний уурхайн зөвлөх инженер Мөөмүүгийн Тулга,

Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн турбин цехийн турбины  машинч Чинбатын Энхтуяа нарыг шагналаа.

Гавьяат багш цолоор Анагаах ухааны Энэрэл дээд сургуулийн захирал Дэнчингийн Дорж,

Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны ахмад ажилтан Дашзэвэгийн Нонна,

Аварга дээд сургуулийн тэргүүн дэд захирал Галсан-Ёндонгийн Сүхбат,

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш Шоовдорын Сүхбат нарыг шагналаа.

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн III хорооны ахмад настан, Ахмад барилгачин Бүкейгийн Мадетыг шагнав.

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор “Өнгөт инээд” продакшны захирал Санжаагийн Өлзийхүүг шагнав.

Гавьяат малчин цолоор Дорноговь аймгийн Эрдэнэ сумын малчин Дашдэлэгийн Бат-Өлзийг,

Монгол Улсын тод манлай уяач, малчин Эрдэнэбатын Эрдэнэчулуун нарыг шагналаа.

Гавьяат уурхайчин цолоор Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн Түлш дамжуулах цехийн тооцооны техникч Сэндэнгийн Батжаргалыг шагнав.

Гавьяат эдийн засагч цолоор Хэнтий аймгийн Хэрлэн сумын ахмад настан, Эдийн засагч Балаагийн Даваадоржийг шагнав.

Хүний гавьяат эмч цолоор Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн их эмч Довчингийн Наваан,

Эмгэг судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Шархүүгийн Энхтуяа нарыг шагналаа.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Дэлхийн эсгий туургатны язгуур өв соёл, ёс заншил төвийн тэргүүн Эрдэнэцогтын Баатаржав,

Цагдаагийн “Сүлд” чуулгын дарга Лэгдэнсүрэнгийн Гаваасүрэн,

Ахмад гэрэл зурагчин Жаалхүүгийн Даваасамбуу нарыг шагнав.

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга, уран сайхны удирдагч Дэлгэрийн Доржсүрэнг шагналаа.

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Нийтийн ахуй үйлчилгээний ахмад ажилтан Насанжаргалын Авирмэд,

Үндэсний аудитын газрын дотоод аудитор Пүрэвжавын Гансүх,

Нийслэлийн Цагдаагийн газрын ахмад ажилтан Нямын Лодой нарыг шагнав.

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор “Мөнхийн Тун” компанийн ерөнхий захирал Цэвэгжамцын Алтанцэцэг,

Хөвсгөл аймгийн Шинэ-Индэр сумын Сум дундын эмнэлгийн ахмад ажилтан, эх баригч Жамсрангийн Маам,

Говь-Алтай аймгийн Нандин талим нүдний эмнэлгийн сувилагч Галбадрахын Уртнасан нарыг шагнав.

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Ус, цаг уурын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Гэндэнгийн Намхайжанцанг шагналаа.

Мөн боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй болон төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнагдсан эрхмүүдийн төлөөлөл Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас шагналаа гардаж авсан юм.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн I хорооны өндөр настан Дэндэвийн Янжин,

Алтангадас одонгоор “Eagle” телевизийн гадаад мэдээний тоймч Гомбожавын Ганбаяр,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XVIII хорооны өндөр настан Ишийн Дамдин,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн VII хорооны өндөр настан Гомбожавын Жигжидсүрэн,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн II хорооны өндөр настан Цоодолын Ноовт,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн III хорооны өндөр настан Рэнбатын Хандсүрэн,

“Пирамид орд” ХХК-ийн хангамжийн нярав Жамбалдоржийн Энхбаярыг тус тус шагналаа.

Тус ёслолыг дүрс бичлэгээр хүргэж байна.