Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар УОК, ХӨСҮТ-өөс өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 21-нд нийт 36.903 хүнд шинжилгээ хийхэд 55 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 31 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бол 24 нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр илэрлээ. 

24 хүний 9-өөс нь эхний шинжилгээгээр коронавирус илэрсэн учир үргэлжлүүлэн ойрын хавьтлуудад нь тандалтын шинжилгээ хийхэд 15 хүн халдвартай нь батлагдсан.

Ингэснээр "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр нийт 102 тохиолдол батлагдлаа. Тэдний 50 нь анхны шинжилгээгээр илэрсэн бөгөөд ойрын хавьтлуудад нь шинжилгээ хийхэд 52-оос нь халдвар илэрсэн.

Халдвар нийслэлийн бүх дүүрэгт бүртгэгдэж байна.

Улмаар Улаанбаатар хотод нийт 1852 тохиолдол, кластер өвчлөлийн голомтод 2178, улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодын халдвар нийт 2693 тохиолдол боллоо. Тэдний 71.8 хувь буюу 1933 нь эдгэрсэн. Одоо 745 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь хоёр хүн маш хүнд, 6 хүн хүнд, хүндэвтэр 80, хөнгөн 635 хүн байна.

Сүүлийн 24 цагт 47 хүн эдгэрч эмнэлгээс гарсан" хэмээлээ.