Баярын дараа ихэнх хүн илүүдэл жингээ хасахаар хоолны дэглэм барьж, дасгал сургуулилтаар тогтмол хичээллэдэг. Баярын үеэр бидэнд илүүдэл жин нэмдэг гол зүйл бол сахарын их хэрэглээ юм. Тэгвэл Монреалийн их сургуулийн эрдэмтэд үүнийг зохицуулах арга олжээ. Тэдний гаргаж авсан шинэ ферментийн тусламжтай хүний биед шимэгдэх сахар болон өөх тосыг хэрхэн боловсруулахыг зохицуулж болдог аж.

Хөхтөн амьтдын эс сахар буюу глюкоз болон тосны хүчил олеины (тосны) хүчлээс тэжээл авдаг. Эдгээр глюкозыг элэг гликоген болгодог. Энэ нь өтгөн нийлмэл байдаг ба биед эрч хүч хэрэг болох үед дайчлагддаг байна. Хөгжингүй орнуудын хоолны дэглэмд чихрийн найрлага их учир хүмүүс нь хэрэгцээнээсээ давсан глюкоз авдаг. Ингэхэд илүүдэл хэсэг нь өөх болж, ихэнх тохиолдолд таргалуулдаг ажээ.

Инсулин хэмээх нойр булчирхайн бета эсийн боловсруулдаг гормоны тусламжтай элэг глюкозыг гликоген болгон хадгалдаг. II зэргийн чихрийн шижинтэй хүмүүс шаардлагатай үед хангалттай инсулин ялгаруулж чаддаггүй. Эсвэл глюкозыг цусанд шимэгдүүлэх чадваргүй, ашиггүй инсулин ялгаруулдаг байна. Тиймээс глюкоз тэр чигээрээ судсаар гүйж эхэлдэг ажээ. Цусан дахь глюкоз ихсэх үед эсэн дэх глицераль-3-фосфат (3-ФГА) олширдог. 

Өөхлөлт үүсэх, глюкозыг бусад ашигтай бодис руу шилжүүлэх зэрэг эсийн үйл ажиллагаанд 3-ФГА идэвхтэй оролцдог. Гэвч 3-ФГА ихдэх үед эсэд хор болж, эдийг гэмтээн, бодисын солилцоо, глюкоз, өөх тосны хувирах явцад саатал үүсэх аюултай. Улмаар чихрийн шижингийн II зэрэг болон зүрх судасны өвчлөлд хүргэдэг байна.

Энэхүү шинэ ололтын тусламжтай 3-ФГА биеийн бүх төрийн эсэд нуугдаж байдгийг тогтоожээ. Товчхон тайлбарлахад, 3-ФГА өөх тос, сахар хаашаа явахыг зохицуулах үүрэгтэй юм. Монреалийн их сургуулийн эрдэмтэд лабораторийн хархуудад туршилт хийж, элэгний 3-ФГА-г бага зэрэг идэвхжүүлэхэд биеийн жин нь буурч, глюкозыг гликоген болгох чадвар нь нэмэгджээ. 

Судлаач Мурти Мадиражу “Чихрийн шижингийн гол асуудал болох элгэнд хуримтлагдсан глюкозыг багасгахад, өөх тосны илүүдлээс хамгаалдаг” хэмээн мэдэгдсэн юм. Энэхүү ферментийн ачаар чихрийн шижингийн II зэрэгтэй өвчтөнүүд бүрэн эдгэх боломжтой, мөн таргалалт, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой тул анагаах ухааны хувьд маш том ололт боллоо гэж ажиглагчид үзэж буй.