Ц.Жавхлан: Хөгжилтэй газар гээд хот бараадах биш, өөрсдөө хөдөө очиж шийдэл эрэлхийлмээр байна

Би нэг удаа цувралын энэ удаагийн дугаарт Монгол Улсын Их Сургуулийн дөрөвдүгээр түвшний оюутан Ц.Жавхлан оролцлоо. 

Тэрбээр “Хөдөө орон нутаг хөгжилгүй гээд хотод ажиллаж амьдрахыг хүсдэг залуус олон. Гэхдээ бид хөгжил дэвшлийг хүлээх суух биш, хийж хэрэгжүүлэх хүмүүс нь залуус бид өөрсдөө гэж боддог” хэмээн хуваалцсан юм. 


ХҮН ХӨГЖЛИЙГ ДАГАЖ БИШ БҮТЭЭЖ АМЬДРАХ ЁСТОЙ

Би нэг удаа найздаа их сургуулиа төгсөөд, эргээд нутагтаа очиж ажиллана гэж боддог талаараа хэлэхэд, найз маань бүр гайхаад “Чи тэр газрын мухарт очиж яах гэж байгаа юм бэ, тэнд юу ч байхгүй, ямар ч хөгжилгүй шүү дээ” гэж билээ. 

Хөдөө ажиллаж амьдрах талаар хүмүүст хэлэхэд эерэгээр хүлээж авах хүмүүс байдаг ч дийлэнх нь  “3алуу хүн хот хүрээ газар бараадсан нь дээр дээ, хөгжилгүй газар байгаад яах юм” гэдэг.  Хөгжил гэдэг зүйлийг зөвхөн барилга байгууламж зэргээр төсөөлдөг тэдний хувьд энэ нь зөв санагдах байх.  

Миний бодол тийм биш. Харин ч хүн өөрөө тэр хөгжил дэвшил гэгч зүйлээ бий болгох нь зүйтэй гэж боддог юм. 

Зүйрлэвэл хөдөө орон нутаг бол шинэхэн даавуу. Тэр даавуун дээр хэн нэгэн зүү утас бариад зүү ороож болно, шаглаад оёж болно, яаж ч оёж болно. 

Хөдөө шиг шинэ зах зээлийг хүссэнээрээ зураглаж, төлөвлөж хөгжүүлж болно гэсэн үг л дээ. Тийм болохоор л хөдөө хотоос илүү хөгжих боломжтой юм шиг санагддаг. 

Бичлэг үзэх: 



Залуус өөрсдөө ажиллая гэвэл хөдөө орон нутагт маш олон ажлын байр бий


Би Увс аймгаас ирж, маркентингийн чиглэлээр суралцаж байгаа юм л даа. 

Үе тэнгийн найзууд маань, дээд үеийн ах, эгч нараас эргээд нутаг буцахгүй эндээ үлдэхийг сонгоод байгаа шалтгааныг нь сонсохоор ихэнхдээ “Хотод л зах зээл, ажлын байр, амьдрал байна” гэдэг. 

Миний харж байгаагаар бол залуус өөрсдөө хүсээд, ажиллая гэвэл хөдөө орон нутагт ажлын байр олон бий. Сүүлд нэг мэдээ уншиж байхад зөвхөн  Завхан аймагт гэхэд  73 багш, ажилтны сул орон тоо байна гэсэн байсан. 


 “Улаанбаатарт л амьдаръя гэж хайрцаглагдахаа больцгооё”



Хөдөө үүсээд байгаа гол асуудлын үндэс нь хүн ам багатай нь холбоотой байх.  Эдийн засаг нь төдий л хурдацтай хөгждөггүй, зах зээл нь тэлэх боломжгүй учраас шинэ төрлийн үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүн гарах боломж хомс байгаа юм. Тэгээд л 10, 20 жилийн өмнө байсан зүйл хэвэндээ байсаар л. Энэ асуудлуудыг залуус хөдөө очиж амьдарч байж л шийднэ шүү дээ. 

Тэгэхгүй бол бид өргөн уудам газар нутагтай хэр нь Улаанбаатар гэдэг нэг хайрцагт хайрцаглагдсан юм шиг л байдаг. Тэр хайрцгаас хүн хасагддаггүй бүр л нэмэгдсээр байна.  

Залуу хүний хувьд өөрийнхөө төлөө цаашлаад эх орныхоо ирээдүйн төлөө хийж чадах эхний алхам нь сум орон нутгаа хөгжүүлэхийн тулд нутагтаа очоод сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх болов уу.  

Үе тэнгийнхэндээ аймаг, сумыг зорьж, тэндээ тогвортой, удаан ажиллаж амьдрах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй гэж уриалъя. 

Наад зах нь хөдөө газар өдөр тутам амьдрах нөхцөлийн хувьд ч илүү тааламжтай шүү дээ. Стресс багатай, түгжрэлгүй, утаа багатай. Хүүхэдтэй боллоо гэхэд ядаж л эрүүл орчинд өсгөнө шүү дээ. (инээв)


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.